
2026 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол 1,817 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 202 буюу 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр тохиолдлын тоо цөөрсөн ч эдгээр аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2,441 хүн нэрвэгдэж, улс оронд 13 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт тохиолдлын дийлэнх буюу 1,740 удаагийнх буюу 95.8 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байгаа аж.
Харин үлдсэн хэсгийг биологийн гаралтай аюулт үзэгдэл 32 удаа буюу 1.8 хувь, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 25 удаа буюу 1.4 хувь, геологийн гаралтай аюулт үзэгдэл 20 удаа буюу 1.1 хувь тус тус эзэлж байгаа нь байгалийн хүчин зүйлээс илүүтэйгээр хүний хүчин зүйлээс шалтгаалсан осол давамгайлж буйг харуулж байна.








