
Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэнийг хамруулахаар болжээ
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Сүм хийд эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай, Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал зэргийг хэлэлцлээ. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай асуудлыг танилцууллаа.
Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабууд зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын орон нутаг дахь анги, нэгжүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Сургалт нь бэлтгэл болон тусгай үүргийн гэсэн хоёр үе шаттай бөгөөд онолын 20, дадлагын 40 цагийн хөтөлбөрөөр явагдана.
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 78 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар төлөвлөжээ. Үүнээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр 10, Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй, Налайх дүүрэг тус бүр 8, Багахангай дүүрэг 6 иргэнийг хамруулах санал хүргүүлсэн байна.
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналд үндэслэн Засгийн газрын тогтоолд жил бүр хүний тоог тусгадаг аж. Сүүлийн гурван жилийн байдлаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр тооцвол 2023 онд 328.5 сая, 2024 онд 410.4 сая, 2025 онд 505.4 сая төгрөгийн үнэлгээтэй байжээ.
Нэг дүйцүүлэх алба хаагч дунджаар 180 хоног үүрэг гүйцэтгэх бөгөөд үүнд сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад ажил багтаж байна. Цэргийн дүйцүүлэх албанд хамрагдсан хугацааг биечлэн үүрэг гүйцэтгэсэнд тооцдог бөгөөд холбогдох хуулийн дагуу иргэд бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдах зохицуулалттай юм.







