
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийж буй уулзалтынхаа эхэнд хэлсэн үгэндээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин хоёр улсыг өрсөлдөгчид бус хамтрагчид болохыг уриалжээ.
Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг дэлхий даяараа ажиглаж байгааг онцлон, “Сүүлийн хэдэн зуун жилд ажиглагдаагүй өөрчлөлтүүд дэлхий дахинд хурдацтай явагдаж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй бөгөөд тайван бус болж, салаа замын урд дээр ирээд байгаа энэ үед Хятад, АНУ хоёр Фукидидын урхинаас гарч, харилцаагаа шинэ түвшинд гаргаж чадах уу? Бид хамтдаа олон улсын сорилтуудын эсрэг зогсож, дэлхий дахинд тогтвортой байдал тогтоож чадах уу? Дэлхий дахины болон хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол, хүн төрөлхтний ирээдүйг урдаа тавьж илүү гэгээлэг харилцаа бий болгож чадах уу? Эдгээр нь түүхийн хувьд ч тэр, дэлхий болон дэлхийн хүн амын хувьд ч тэр амин чухал асуултууд болоод байна. Энэ бол дэлхийн тэргүүлэгч улс орнуудын удирдагчдын хувьд бидний хариулах ёстой асуултууд юм” хэмээн мэдэгджээ.
Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж буй нь нэр төрийн хэрэг хэмээн, БНХАУ-д хийж буй айлчлалдаа бизнесийн салбарын дэлхийн шилдэг удирдагчдыг дагуулж ирснээ онцолж, “Танд хүндэтгэл үзүүлэхээр өнөөдөр дэлхийн шилдгүүд хүрэлцэн ирээд байна.” гэжээ. Түүний хэлснээр хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтыг олон улсад “хамгийн чухал, том уулзалт” хэмээн тодорхойлж байгаа аж.







