
Ираны дайны улмаас өнгөт бэхэнд ордог гол орцын нийлүүлэлт доголдсонтой холбоотойгоор Японы алдартай хүнсний Calbee брэнд зарим бүтээгдэхүүнүүдийнхээ савлагааны дизайныг өөрчилж, зөвхөн хар цагаан өнгийн савлагаатай болгожээ.
Calbee компанийн мэдэгдсэнээр тус компанийн 14 төрлийн бүтээгдэхүүн энэ сарын 25-наас Японы дэлгүүрүүдээр хар цагаан өнгийн савлагаатайгаар борлуулагдах аж.
Ираны дайны улмаас Ормузын хоолойн хөдөлгөөн зогссон нь иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнүүдэд хэрхэн нөлөөлж буйг дээрх жишээнээс харж болох юм.
Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн нийт худалдааны 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсанаар дэлхий даяар бензин түлш, хуванцар, гелий зэргийн нийлүүлэлт доголдож, үнэ нь өсөөд байгаа билээ.
Calbee компани бүтээгдэхүүнүүдийнх нь савлагааны дизайн өөрчлөгдсөнийг Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас болж түүхий эдийн нийлүүлэлт тогтворгүй болсонтой холбоотой хэмээн, бүтээгдэхүүнүүдээ тогтвортой нийлүүлэхийн тулд уг арга хэмжээг авсан гэжээ.
Ираны дайн эхэлснээс хойш өнгөт бэх болон хуванцар материалын гол орц болох нафта бодисын үнэ Азийн зах зээл дээр 2 дахин нэмэгджээ. Ираны дайнаас өмнө Япон улс нафта бодисынхоо 40 орчим хувийг Ойрх Дорнодоос импортолдог байсан ба Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор Токио нафтаг өөр улс орнуудаас импортлохоор яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Исгэсэн шар буурцгаараа алдартай Японы Mizkan компани зарим бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хязгаарлаж, полистирол савлагааны хомсдол үүссэнтэй холбоотойгоор зарим бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Toyota, Hyundai компаниуд түүхий эдийн үнэ нэмэгдэж, борлуулалтын хэмжээ буурснаас болж ашиг орлого нь багассан тухайгаа зарласан бол дэлхий даяар агаарын тээврийн компаниуд агаарын хөлгийн түлшний үнэ нэмэгдсэнээс болж нислэгүүдээ цуцлахад хүрээд байгаа билээ.







