
Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг 1% болгохтой холбоотой хуулийн төслийг санаачлагч Ж.Баярмаа нарын гишүүд мэдээлэл өгч байна.
Тэрбээр “ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах хуулийн төслийг үдээс хойш Төсвийн байнгын хороогоор, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр үнийн өсөлт, инфляцаас шалтгаалаад иргэдийн гар дээр авч байгаа цалин үнэгүйдсэн. Монгол Улсын дундаж цалин 2.2 сая төгрөг байдаг. ХХОАТ-ыг бүрдүүлж байгаа татварын 81 хувийг нь цалин авч байгаа 975 мянган иргэн бүрдүүлдэг. Тогтмол цалин авч байгаа энэ нэг сая орчим иргэн бол Монгол Улсын дундаж давхарга. Энэ дундаж давхарга өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хооронд цалин нь хүрэлцдэггүй. Ийм байдалтай олон жил ажиллаж байна. Үүний үр дагаврыг бид бүгд мэдэж байгаа. Залуус гадагшаа явж байна. Ерөөсөө боломж нь байвал 60 хүртэлх насны иргэдийн 60 орчим хувь нь гадагшаа гарахад бэлэн байна гэж судалгаанд хариулсан байдаг. Энэ бүхэн бодит орлого, амьдралд хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ татварыг нэг хувь болгож бууруулбал иргэдийн гар дээр үлдэх мөнгө бага ч болтугай нэмэгдэнэ. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүний татвар төлөх мөнгөнөөс 180 мянган төгрөг иргэнд үлдэнэ гэсэн үг. Махны үнэ 30 мянга давсан байгаа энэ үед бага мөнгө хэдий ч нэг шуудай гурил, будаа авчих мөнгө. Ийм учраас бидний санаачилсан энэ хуулийн төслийг гишүүд дэмжинэ гэж найдаж байна” гэлээ.







