
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Монгол ТВ” телевизд татвар болон нийгмийн даатгалын өр үүссэн нь үнэн боловч өрийн хугацаа, хэмжээг олон нийтэд дэгсдүүлэн мэдээлсэн гэж тайлбарлалаа. Түүний хэлснээр хэвлэл мэдээллийн салбарын бизнесийн орлого буурч, байгууллагуудын санхүүгийн дарамт нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн гэжээ.
Ч.Номин “КОВИД-19 цар тахлын үеэс хойш хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэх нөхцөл хүндрээд байгааг онцоллоо. Тухайлбал, “Монгол ТВ” нь 100 гаруй ажилтантай бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагын орлого зардлаа нөхөхөд хүрэлцэхгүй хэмжээнд буурсан талаар тус компанийн одоогийн удирдлагуудтай ярилцсан” гэв.
Мөн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан сурталчилгаа байршуулдаг, хамтран ажилладаг байгууллагууд маркетингийн зардлаа танах болсон нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлогод сөргөөр нөлөөлж байгааг хэллээ.
Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевиз дахин дамжуулалтын үйлчилгээ эрхлэгчдээс сар бүр 60-70 сая төгрөгийн төлбөр тус бүр авдаг ч энэ нь үйл ажиллагааны зардлаа нөхөхөд хангалтгүй байдаг гэв.
Эх сурвалж: Монгол Тойм









