
УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгалан парламентын засаглал, УИХ-ын дархлаа, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл болон нам доторх ардчиллын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр парламентын гишүүд саналаа хараат бусаар өгөх эрх нь парламентын дархлааны үндэс гэдгийг онцолсон байна. “Гишүүдийг хүчээр асуудал дэмжүүлэх, эсвэл саналыг нь нэг чигт оруулах ойлголт байж болохгүй. Парламентын дархлаа гэдэг нь гишүүд дарамт шахалтгүйгээр байр сууриа илэрхийлж чаддагт оршдог” гэв.
Мөн 126 гишүүнтэй болсон шинэ парламентын тогтолцоо нь улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлж, бодлогын өрсөлдөөнийг илүү тодорхой болгоно гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр 2028 оноос хойш аль нэг нам дангаар ноёрхох боломж хумигдаж, зөвшилцөлд тулгуурласан парламентын соёл төлөвшинө гэсэн хүлээлт байгаа аж.
Тэрбээр Монголын парламентын шинэчлэлийг Шинэ Зеландын туршлагатай харьцуулж, холимог тогтолцоонд шилжсэнээр төрийн бодлого тогтвортой болсон жишээг дурдсан байна.
Ярилцлагын үеэр Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой гаргасан дүгнэлтийн талаар ч байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Цэцийн дүгнэлт болон эрүүгийн хэрэг хоёр тусдаа асуудал. Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гарсан болгонд эрүүгийн ял үүрүүлдэггүй” хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааныг даргалсных нь төлөө “төрийн эрхийг хууль бусаар авсан” гэх эрүүгийн асуудал яригдаж байгаа нь олон улсын жишигт байгаагүй тохиолдол гэж үзэж буйгаа онцолжээ.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийн талаар тэрбээр “Парламентын гишүүнийг эргүүлэн татах эрх нь эцсийн дүндээ сонгогчдод байх ёстой. Харин хэсэг бүлэг субъект эсвэл улс төрийн нөлөөллөөр гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох нь парламентын хараат бус байдалд сөргөөр нөлөөлнө” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Мөн цаашид УИХ-ын даргыг нам бус байх шаардлага үүснэ гэж үзэж буйгаа хэлжээ. Түүний тайлбарласнаар олон намын оролцоотой парламентын үед зөвшилцөл хийж чаддаг, нийт гишүүдийн дэмжлэг авсан хүн спикер болох жишиг дэлхийн олон оронд тогтсон байна.
Нам доторх зөрчлийн талаар асуухад “Үзэл бодлын зөрүүгүй улс төрийн нам хөгжилгүй байдаг. Харин өөр өөр байр сууриа илэрхийлж, олонхын саналаар асуудлаа шийддэг байх нь намын ардчиллын суурь” гэж хариулжээ.
Түүнчлэн өөртэй нь холбоотой хуулийн байгууллагын шалгалтын талаар “Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг гэм буруутай гэж үзэж болохгүй” гэдгийг онцолж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.







