
Монголын айл өрхүүдийн амьдрал сүүлийн жилүүдэд инфляц, өндөр хүүтэй зээл, орлогын бодит бууралтын хавчлагад орж, өрхийн санхүүгийн тогтвортой байдал ноцтой хэмжээнд хүрснийг төр өөрөө анхааруулж эхэллээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох үеэр “3.2 сая иргэн банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооноос зээл авч байна” хэмээн онцоллоо. Энэ бол 3.2 сая хүн амтай улсад бараг хүн бүр ямар нэг хэлбэрээр өртэй амьдарч байна гэсэн үг.
Энэ бол санхүүгийн хүртээмж сайжирсны илрэл биш, харин өрхийн орлого амьжиргаагаа даахаа больсны шинж гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр өрхийн санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр иргэдийн богино хугацааны мөнгөн хэрэгцээ өсөж, өндөр өртөгтэй зээлийн бүтээгдэхүүний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл хүмүүс бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх гэж биш харин өдөр тутмын хэрэглээ, хоол хүнс, байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөрөө төлөхийн тулд зээл авч эхэлжээ.
Энэ нөхцөл байдал нь банк бус санхүүгийн байгууллагуудын тоо огцом өссөнөөс харагдана.
Өнөөдөр Монгол Улсад 578 банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байгаа нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Харьцуулбал 3.7 сая хүн амтай Гүрж улсад, 53,3 сая хүн амтай Армен улсад 46 ББСБ ажилладаг байна. Харин Монголд үүнээс даруй арав дахин олон ББСБ өндөр хүүтэй хэрэглээний зээлээр өрхийн эдийн засгийг “тэжээж” байна.
Үүнийг мэргэжлийн үгээр хөрөнгийн зах зээл хөгжиж буй сайн үзүүлэлт мэтээр тайлбарлаж болох ч санхүүгийн систем бодит эдийн засгийг бус өрийн эдийн засгийг тэлж байгааг дээр, дооргүй ойлгох цаг ирсэн.
Хамгийн ноцтой нь өрхийн орлого инфляцыг гүйцэхээ больсон.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж, шатахууны үнийн савлагаа тээвэр, хүнс, үйлчилгээний бүх зардлыг нэмэгдүүлсэн. Гэтэл цалин, орлогын өсөлт энэ хурдыг дагаж чадахгүй байгаа учраас айл өрхүүд хэрэглээгээ олсон орлого, цалингаараа биш зээлээр нөхөхөөс өөр гарцгүй болж байна.
Өрхийн худалдан авах чадвар суларч, дундаж давхарга агшив
Санхүүгийн зохицуулах хорооноос 2026 оны эцэст банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээ 11.8 хувьд хүрч болзошгүй гэж тооцоолсон нь өрхийн төлбөрийн чадвар муудаж байгаагийн хамгийн тод дохио юм.
Өөрөөр хэлбэл иргэдийн авсан зээл эргэн төлөгдөхгүй болох эрсдэл бодитоор нүүрлэчихсэн байна гэсэн үг.
Ийм үед Санхүүгийн зохицуулах хороо хуулиас давсан журам баталж, иргэдийн нуруун дээр өндөр хүүтэй зээлийн дарамт үүсэх нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй гэж УИХ-ын дарга шүүмжиллээ. Тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 51 журамд яаралтай дүн шинжилгээ хийж, хуулиас давсан зохицуулалтуудыг цуцлах үүрэг өгсөн юм.
Гэвч асуудлын гол нь зөвхөн зохицуулалтад биш. Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн өсөлтөөс өндөр хамааралтай болсон ч тэр өсөлт айл өрхийн бодит орлогод хүрээгүй. Макро түвшинд экспорт өссөн ч микро түвшинд өрхийн худалдан авах чадвар суларч, дундаж давхарга агшиж байна.
Өнөөдөр Монголын олон айл сарын цалингаа аваад шууд зээлийн эргэн төлөлт, түрээс, хэрэглээний төлбөрт зарцуулж, үлдсэн мөнгөөрөө амьдралаа аргацааж байна. Ийм нөхцөлд санхүүгийн салбарын өсөлт эдийн засгийн эрүүл өсөлт бус, харин өрийн дарамтаар тогтож буй хиймэл тэлэлт болж хувирлаа.







