
Одоо татварын орчин сайжрах эсэх нь УИХ-ын гишүүдээс шалтгаална.
Монгол Улсын Засгийн газар 2026 оны татварын багц шинэчлэлийн хүрээнд Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад томоохон өөрчлөлт оруулахаар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Энд 4 хууль,
- Татварын ерөнхий хууль
- Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль багцаараа шинэчлэгдэж байгаа учраас татварын багц хууль гэж хэлж байгаа.
Шинэчлэлийн хамгийн том хэсэг нь хувь хүний орлогын албан татвартай холбоотой. Одоогийн тогтолцоонд зөвхөн жилийн 36 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдэд олгодог шаталсан хөнгөлөлтийг бүх орлоготой иргэдэд хамааруулах, мөн хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогодоо 100 хувь татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болохоор байна. Өөрөөр хэлбэл жилийн эцэст тайлангаа баталгаажуулсны дараа тодорхой хэмжээний татвараа буцаан авах тогтолцоо руу шилжихээр байгаа юм.
Мөн хялбаршуулсан горимоор 1 хувийн татвар төлдөг босгыг 1 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тусгажээ. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг үйлчилгээ эрхлэгчдийн тайлагналын дарамтыг бууруулах зорилготой аж. Үүнээс гадна иргэд орон сууцаа тодорхой хугацаанд өмчилсний дараа худалдах үед үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх зохицуулалт оруулахаар болсон нь орон сууцны зах зээлд тодорхой хөдөлгөөн авчрах хүлээлт үүсгээд байна.
Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчлэл нь жижиг, дунд бизнесүүдэд чиглэжээ. Хуулийн төсөлд ААНОАТ ногдуулах босго, шатлалыг өөрчлөх, 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хүртэл хувиар хөнгөлөхөөр тусгасан байна. Мөн тайлан тушаах болон татвар төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн мөнгөн урсгалд дарамт үзүүлэхгүй байх уян хатан зохицуулалт хийхээр болжээ.
Түүнчлэн мэдээллийн технологийн салбарыг татварын бодлогоор дэмжих тусгай заалтууд оржээ. Виртуал бүсэд бүртгэлтэй компаниудын орлогод хөнгөлөлт үзүүлэхээс гадна GPU сервер, супер компьютерийн элэгдлийн хугацааг 3 жил болгон богиносгохоор тусгасан нь дата төв, хиймэл оюун ухаан, өндөр хүчин чадлын тооцооллын салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой гэж үзэж байна.
НӨАТ-ын тухайд хамгийн анхаарал татаж буй өөрчлөлт нь НӨАТ төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх санал юм. Ингэснээр олон жижиг бизнес НӨАТ-ын системээс гарах боломжтой болж, тайлагналын ачаалал буурна гэж үзжээ. Мөн дотоод болон импортын НӨАТ-ыг хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломж бүрдүүлэхээр тусгасан нь бизнесийн эргэлтийн хөрөнгийг хамгаалах зорилготой байна.
Гэхдээ эдгээр өөрчлөлт нь зөвхөн эерэг тал дагуулахгүй гэсэн болгоомжлол ч бий.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд нэмэгдэх нь улсын төсвийн орлогод богино хугацаанд дарамт үүсгэх эрсдэлтэй.
Ялангуяа төсвийн алдагдал өндөр, инфляц тогтворжоогүй үед татварын орлогыг бууруулах нь Засгийн газрын санхүүгийн боломжийг хумиж болзошгүй.
Нөгөө талд бизнесийн орчин хумигдаж, 2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 58 хувь нь мөнгөн хөрөнгийн дутагдалтай, 30 мянга гаруй компани алдагдалтай ажилласан гэх тоо бий. Энэ нөхцөлд татварын дарамтыг тодорхой хэмжээнд бууруулахгүй бол бизнесүүд дампуурах, ажилгүйдэл өсөх эрсдэлтэй гэж Засгийн газар үзэж байна.
Ингэснээр 2026 оны татварын шинэчлэл нь “татвар бууруулах уу, эсвэл эдийн засгаа тэлэх үү” гэсэн сонголтын дунд өрнөсөн. Гэсэн ч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнесийг амьсгалуулах зорилго нэг талд байгаа бол төсвийн сахилга бат, орлогын тогтвортой байдал нөгөө талд нь үлдэж байна.
Одоо энэ шинэчлэл бодит эдийн засгийг сэргээх алхам болох уу, эсвэл төсвийн дараагийн дарамтын эхлэл болох уу гэдэг нь парламентын хэлэлцүүлгийн үеэр илүү тодорхой болох юм.







