
АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч С.Баярцогт өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр,
“Манай нам анх таван намын суурь дээр үүссэн, олон ургалч үзлийн нэгдэл. Ойлголцолд хүрэхийн тулд бүх хүн нэг алхам ухрах хэрэгтэй. Энэ зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх, эв нэгдлийг хангах хүн нь намын дарга, ЕНБД дарга байдаг. Одоогийн байдлаар зургаан фракц бий. Үг хэлж байгаа хүмүүсийн байр сууриас харахад нэг фракц эсрэг байр суурьтай байна.
Гэхдээ энэ нь бид нэгдэж, нийлж чадахгүй гэсэн үг биш. Хоёр хуваагдчихсан намаа зөвшилцөлд хүргээд 2024 оны сонгуульд амжилттай оролцож байсан.
Манай нам эв нэгдлээ хангаж чадна. Хэрэв сонгогдвол удирдлага баг, аппаратдаа 1980, 1990 оны залуучуудаар бүрдүүлнэ гэсэн бодолтой байгаа. Би төрийн өндөр албан тушаалыг 23 настайгаас эхэлж хашсан учраас залуу хүмүүст итгэл хүлээлгэвэл даагаад явах чадалтай гэдгийг мэдэж байгаа.
Х.Баттулга бид хоёрыг муу гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм. Бид хоёрт асуудал үнэхээр байхгүй, үргэлж хамтарч ажиллая гэдэг санал тавьдаг. Тавьсан санлуудад нь тодорхой нөхцөл байсан учраас шууд хүлээж авах боломжгүй байсан. Түүнээс нь болж зөрчилдөөн харагддаг. Хэрэв би ийм өндөр албан тушаалд очоод, намын ялалтын төлөө явах юм бол шаардлагуудыг нь сонсоод, харилцан буулт хийгээд, хамтраад явах боломжтой.
Ерөөсөө шийдэгддэггүй асуудал гэж байдаггүй. Миний хувьд 1998, 2004, 2008, 2014 оны эвслийн гэрээнүүдийг намынхаа талаас хийж байсан. Үүний үр дүнд Засгийн газар амжилттай байгуулагдаж, Монголын өнөөгийн хөгжилд түлхэц болсон гэж хардаг.
Мөн Сангийн сайдаар ажиллаж байхдаа Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж хасах боллсон төсөв эдийн засгаа сайжруулаад явсан. Энэ мэт яриа хэлцлийг хийх туршлага надад байна.” гэв.
Яг одоо АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалт эхэллээ. Үндэсний бодлогын хороо 377 гишүүнтэй бөгөөд 21 аймгийн төлөөлөл багтдаг аж.







