
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын оролцож байсан хүлээн авалтын үеэр зэвсэгт этгээд гал нээж, Нууц албаны нэг албан хаагч шархаджээ.
Washington Hilton зочид буудалд болж байсан Цагаан ордны дэргэдэх сэтгүүлчдийн холбооны хүлээн авалтын үеэр буу дуу гарч, нууц албаныхан хүлээн авалтад оролцож байсан Ерөнхийлөгч Д.Трампыг бусад албан тушаалтнуудын хамт нүүлгэн шилжүүлжээ.
Хүлээн авалтад оролцож байсан сэтгүүлчдийн мэдээлснээр хүлээн авалт болж байсан танхимын гадна буун дуу гарсны дараа танхимд байсан бүх хүмүүс ширээн доогуур орж нуугдсан ба тухайн мөчид Нууц албаныхан хүлээн авалт болж байсан танхим руу орж ирж, Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп, Дэд ерөнхийлөгч Жэй Ли Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет, Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди нарыг танхимаас авч гарсан байна.
Удалгүй Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээнд сэжигтний зураг болон бичлэгийг нийтэлж, Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр хууль сахиулагчид болон нууц албаныхан шуурхай бөгөөд зоригтой ажилласныг онцолж, сэжигтнийг саатуулсан болохыг мэдэгджээ.
CNN агентлагийн мэдээлснээр сэжигтэн нь Калифорни мужаас гаралтай 31 настай эрэгтэй аж. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн хоёр буу, хэд хэдэн хутгаар зэвсэглэсэн байжээ.
Уг халдлагын үеэр Нууц албаны нэг ажилтан шархадсан ба Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр тухайн албан хаагч сум нэвтэрдэггүй хантаазныхаа ачаар амьд үлджээ.
Эх сурвалж: BBC








