
Европын холбооны тэргүүнүүд Киевт 90 тэрбум еврогийн зээл олгох асуудлаар зөвшилцөлд хүрчээ. Киев ОХУ-аас Унгар болон Словак руу байгалийн хий дамжуулдаг “Дружба” хийн хоолойг засаж, хий нийлүүлэлтийг сэргээснээр Унгар улс Европын холбооны Киевт 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэрт өмнөх шигээ хориг тавиагүй байна.
Европын холбооны зөвлөлийг тэргүүлж буй Кипр улс Европын холбооны гишүүн орнуудыг төлөөлж буй элчин сайдууд пүрэв гарагийн үдээс хойш гэхэд Киевт зээл олгох, ОХУ-ын эсрэг багц хоригийг тогтоох асуудлуудыг албан бичигт буулгаж, албан ёсоор батлах санал дээр нэгдсэн гэжээ.
Олон улсын эдийн засагчид Европын холбооноос зээл авч чадахгүй бол Киев ирэх 6-р сар гэхэд мөнгөгүй болно хэмээн анхааруулж байсан юм. Тэгвэл Европын холбооны шийдвэрийн ачаар Киев уг эрсдэлээс мултарч байна.
Европын холбоо Киевт 2026 ба 2027онд тус бүр 45 тэрбум еврогийн хүүгүй зээл олгох ба 45 тэрбум еврогийн 28 тэрбум нь Украины зэвсэгт хүчний зардалд, 17 тэрбум нь тус улсын жилийн төсөвт зарцуулагдах аж.
Өнгөрсөн 12-р сард Европын холбоо Украины 2026 болон 2027 оны төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор Киевт зээл олгохоор шийдвэрлэсэн ч өнгөрсөн 3-р сард Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Дружба” хий дамжуулах хоолойн асуудлаар шалтаглан Словак улсын дэмжлэгтэйгээр уг шийдвэрт хориг тавьсан юм. Тэрээр Киевийг Унгар болон Словакт хий нийлүүлдэг “Дружба” хий дамжуулах хоолойн эвдрэл гэмтлийг засах явдлыг санаатайгаар хойшлуулж байна хэмээн буруутгасан юм.
Нөгөө талаас Киев өдөрт 1.2 саяас 1.4 сая баррель хий дамжуулах хүчин чадалтай “Дружба” хийн хоолой Оросын дроны халдлагын улмаас эвдэрсэн болохыг онцолж, хоолойг аль болох хурдан засаж дуусгахаар ажиллаж байна гэдгээ мэдэгдэж байсан юм.








