
Лос Анжелесын Сургуулиудын Нэгдсэн Тойргийн удирдах зөвлөл 2026-2027 оны хичээлийн жилд сургуулийн орчин дахь сурагчдын дэлгэцийн хэрэглээг бууруулах тухай тогтоолыг баталжээ.
Өнгөрсөн мягмар гарагт батлагдсан уг тогтоолд сурагчдын сургуулийн орчин дахь дэлгэцийн хэрэглээ өдөртөө ба долоо хоногтоо хэдэн цаг байх ёстойг зааж өгсөн ба бага болон дунд ангийн сурагчдад завсарлагаагаар, өдрийн цайны цагаар ухаалаг утас, таблет зэргийг ашиглахыг хориглож, сургуулийн орчинд YouTube платформыг хоригложээ.
520 мянга гаруй сурагч харьяалагддаг Лос Анжелесын Сургуулиудын Нэгдсэн Тойрог нь АНУ-ын сургуулиудын хоёр дахь том тойрог аж.
АНУ-ын Хүүхдийн эмч нарын холбоо дэлгэцийн хэт хэрэглээ нь сэтгэл түгшилт, сэтгэл гутралд хөтөлж, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, сурлагын амжилт, анхаарал төвлөрөл буурахад нөлөөлдөг болохыг анхааруулсныг Лос Анжелесын Сургуулиудын Нэгдсэн Тойргийн удирдах зөвлөлийн гишүүд онцолж, АНУ-ын бусад тойргийнхон Лос Анжелесын Сургуулиудын Тойргийн жишээг дагана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эцэг эхчүүд болон боловсролын салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх School Beyond Screens холбоо Лос Анжелесын Сургуулиудын Нэгдсэн Тойргийн шийдвэрийг таатай хүлээн авсан байна.
Хоёр жилийн өмнө Лос Анжелес мужийн захирагч Гэвин Ньюсом “Утасгүй Сургуулийн тухай” хуулийг баталсан ба уг хуулийн дагуу Лос Анжелес тойргийн бүх сургуулиуд 2026 оны 7-р сарын 1 гэхэд сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах эсвэл хориглох тухай бодлого хэрэгжүүлж эхлэх ёстой аж.








