
Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен цахим хэрэглэгчдэд бусад сайт, аппликейшнуудыг ашиглах бүрдээ өөрийн хувийн мэдээллийг хуваалцаахгүй байх боломжийг олгох цахим хэрэглэгчийн насыг нь баталж өгөх цахим үнэмлэх бүхий шинэ аппликейшнийг нэвтрүүлж эхлэхээр болсноо зарлажээ.
Дэлхийн улс орнууд цахим платформуудаас цахим орчин дахь хүүхэд залуусын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. Нөгөө талаас тэдгээр платформууд хэрэглэгчдийн насыг тогтоохын тулд хэрэглэгчдээс хувийн мэдээллийг нь цуглуулах нь өөр бусад асуудлуудыг дагуулна хэмээн дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм.
Тэгвэл Европын холбоонд нэвтрэх шинэ аппликейшн нь цахим платформуудад хэрэглэгчдийн насыг тогтоохтой холбоотой үүсдэг асуудлуудыг шийдэх нэгдсэн нэг шийдэл болж өгөх аж.
Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, “Цахим платформууд манай цахим хэрэглэгчийн насыг батлах аппликейшнд найдаж болно. Цахим платформууд шалтаг хэлэх эрхгүй болсон. Европын холбоо хүүхдүүдийг аюултай бөгөөд хууль бус контентоос хамгаалах үнэгүй бас хялбар шийдлийг гаргаж өглөө. Уг аппликейшн нь эцэг эхчүүд, багш нар, асран хамгаалагчдад туслах хүчтэй хэрэгсэл болж өгнө. Бидний хүүхдүүдийн эрхийг хүндэлдэггүй компаниудыг бид тэвчихгүй.” хэмээн мэдэгджээ.
Европын холбооноос шинээр нэвтрүүлж буй аппликейшнд хэрэглэгчид өөрсдийн паспорт эсвэл иргэний үнэмлэхийнхээ зургийг оруулах ба бусад цахим платформууд хэрэглэгчийн нас тухайн платформыг хэрэглэх насанд хүрсэн эсэхийг тогтоохын тулд хэрэглэгчээс хувийн мэдээллийг нь цуглуулахын оронд тус аппликейшнд хандах аж. Аппликейшний зүгээс тухайн хэрэглэгчийн нас цахим платформын заасан насны ангилалд багтсан эсэхийг хэлж өгөх ба ингэхдээ хэрэглэгчийн төрсөн он сар өдөр зэрэг дэлгэрэнгүй, нарийн мэдээллийг өгөхгүй аж.








