
Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу ёс зүйн хариуцлага алдсан, гэмт хэрэгт холбогдон, тогтоогдсон гэх УИХ-ын “сахилгагүй” гишүүдийг эгүүлэн татаж, байранд нь тавьдаг болгох хууль сүүлийн 2 долоо хоног парламентыг ээлжит гацаанд дахин орууллаа.
Уг хуулийг хэлэлцэх үйл явцыг харвал,
- 2026.03.09-ний өдөр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн
- 2026.04.06-ны өдөр УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоог хэлэлцэх эсэхийг дэмжсэн
- 2026.04.09-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн. Гэхдээ санал хураалт явуулаагүй.
- 2026.04.10-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураахын өмнө АН-ын бүлгээс 1 хоногийн завсарлага авсан.
- 2026.04.16 буюу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл дээр АН-ын бүлгийн авсан завсарлага дуусаж, хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулах учиртай. Тов дараалалд ч орсон байна.

Магад өнөөдөр уг хууль дээр дэмжих, дэмжихгүй гэсэн байр суурьтай талууд ямар кноп дарах нь сонирхолтой байна.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх дэмжихгүй байр суурь илэрхийлж байсан ч санал хураахад дэмжиж кноп дарсан байх жишээтэй. Ингэхээр хуулийн төсөл санаачлагч талаас гишүүдийн дунд хэрхэн лобби хийсэн, намын бүлгийн дарга нартай тохиролцоонд хүрч чадсан эсэхээс энэ хуулийн “хувь заяа” шийдэгдэх юм.
Хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжихгүйгээ илэрхийлсэн МАН-ын 28, АН-ын 25 гишүүн бий.
Мөн Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН нам цөм дэмжихгүйгээ илэрхийлчихсэн. Тэдгээр кнопуудыг нэмж үзвэл нийт 69 кноп Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн эсрэг дарахаар харагдаж байгаа бөгөөд парламентын гишүүдийн 54 хувь гэсэн үг.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд уг хууль дээр хоёр хуваагдсан. Харин МАН-аас Л.Оюун-Эрдэнийн 28 гишүүн эсэргүүцэж, 24 нь дэмжихээ илэрхийлж, 16 нь тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа.
МАН-ын дэмжихгүй 28 + АН-ын дэмжихгүй 25 + Үндэсний эвслийн 4 + ИЗНН-ын 4 + ХҮН-ын 8 гишүүн нэмэгдэхээр 69 кноп дэмжихгүй дарах нийлбэр гарч байна. Тэд нийт парламентын гишүүдийн 86% гэж тоцохоор Ерөнхийлөгчийн хууль унах магадлал гарч байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд улс төрийн хэрүүлийн алим болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль парламент дахь намуудын эв нэгдэл, задрал хуваагдлыг ч тод харууллаа.
Харин хуулийн хувь заяа хэрхэх нь өнөө, маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэгдэнэ.








