
Замын-Үүд дэх гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой авлигын асуудал болон алба хаагч нь иргэнээс их хэмжээний мөнгө нэхэж, ачаа барааг нь нэвтрүүлдэг тухай иргэн Т.Нэргүй сүүллийн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Шүгэл үлээж” байгаа билээ.
Харин Замын-Үүд дэх гаалийн байгууллага болон Гаалийн Ерөнхий газраас мэдэгдэл гаргаж ачаа бараа хилээр хэвийн нэвтрүүлж байгаа мэтээр тайлбарладаг. Авлига нэхэж, дарамтад өртсөн иргэн газар дээр байдал өөр бөгөөд мөнгө өгсөн хүний ачаа маш хурдан, саадгүй гаалийн гаалийн хашаанд удаан зогсохгүй нэвтэрдэг бөгөөд мөнгө өгөөгүй ч хууль, журмын дагуу татвараа төлж, ачаа бараагаа мэдүүлж буй энгийн иргэдийн ачаатай машин гаалийн хяналтын хашаанд олон хоног зогсож, нэвтрэх нь байтугай шалгагдахгүй байсаар байгаа аж.
Албаны хүний мөнгө нэхэж, хэл амаар доромжилж буй бичлэгийг иргэн Т.Нэргүй өөрийн утсан дээрээ бичсэн бичлэгийг цацсан бөгөөд Өрөг.мн сайт шүгэл үлээгч иргэнтэй цахимаар холбогдож тухайн газар ямар асуудал, хүний эрхийн зөрчил, авлигын шинжтэй асуудал байгааг тодрууллаа.
Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүй: “Замын-Үүдийн Гаалийн газар доод албан тушаалтнаас дээд албан тушаалтан хүртэл авлига өгөхгүй бол ачаа барааг саатуулдаг, хэвлэл мэдээлэл, ерөнхий газрын дарга нар нь л ирэхээр ачаагаа явуулж ажил хийсэн, хэвийн үргэлжилж байгаа гэх “хуурамч” дүрийг үзүүлдэг. Би бүх ачаа барааныхаа мэдүүлгийг өгөөд төлбөр, татвараа төлчихөөд байхад дөрөвдүгээр сарын 08-ны орж ирсэн машинтай ачааг маань шалгах ч үгүй, нэр бүхий хүмүүс мөнгө нэхэж дарамталсан, утсаар залгаж хэл амаар доромжилсон.
Намайг газар дээрээс нь лайв хийгээд цахим сүлжээнд оруулаад эхлэхээр хэвийн байгаа гэж мэдэгдэл гаргана, маш богино хугацаанд машинуудыг нэвтрүүлээд хяналтын бүсийн хашаанаасаа машинуудыг гаргачихдаг.
Замын-Үүдийн гаалийн байцаагч нарт мөнгө өгөхгүйгээр машин, ачаагаа гаргадаг нэг ч хүн байхгүй. Олон жил болж байна. Одоо эд нарын дарамт арай л хэтэрч байна. Гаалийн Ерөнхий газар албан хаагчдадаа хариуцлага тооцож байгаа, иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээж авдаг гэдэг ч үнэн хэрэгтээ хэрэгждэггүй, халсан ажилчдаа эргүүлээд л ажилд нь авчихдаг” гэлээ.

Уг асуудлыг Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Төмөр-Очироос тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “Замын-Үүдийн гаалийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Одоогоор дээрх иргэний гомдолтой холбоотойгоор гаалийн байгууллага хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалтын ажиллагааг эхлүүлж, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа. Хэрэв зөрчил тогтоогдвол холбогдох албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцох бөгөөд шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэлээ.
Гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж, албан хаагчдын сахилга, хариуцлагад тогтмол хяналт тавьж ажилладаг гэлээ. Түүний мэдээлснээр өнгөрсөн онд нийт 97 албан хаагчийг шалгалтад хамруулснаас 26 нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн 63 албан хаагчид сахилгын хариуцлага тооцож, зургаан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнхийг албан үүрэгтээ хайнга хандах, татвар төлөхөөс зайлсхийх нөхцөл бүрдүүлэх, ажил таслах, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу гаргах зэрэг зөрчлүүд эзэлж байгаа аж.
Харин энэ оны эхний улиралд 9 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 23 гомдол, мэдээллийн мөрөөр 54 албан хаагчийг шалгаж, холбогдох шийдвэрүүдийг гарган гомдол гаргагч нарт хариу мэдээллийг хүргүүлсэн байна.
М.Солонго








