
БНХАУ-ын Шанхай хотноо дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн найм дахь удаагаа болж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орны дэлхийн шилдэг шатарчид оролцдогоороо онцлогтой. Энэ удаад 12 улсын 13 баг урилгаар оролцож, А болон Б хэсэгт хуваагдан рапид төрлөөр 15+10 өрсөлдсөн байна.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар багтжээ.

Монгол Улсын шатарчид “Б” хэсэгт БНХАУ-ын I баг, Казахстан, Египет, Тажикстан, Шри Ланкийн багуудтай өрсөлдөн шөвгийн дөрөвт шалгарсан байна. Хагас шигшээд “А” хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын багтай таарч, ялагдал хүлээжээ.
Харин хүрэл медалийн төлөө Беларусийн багтай өрсөлдөж, эхний тоглолтод 2:1-ээр ялсан ч хоёр дахь тоглолтод 1:2-оор хожигдсон байна. Ингэснээр нийлбэр дүн тэнцэж, блиц тоглолтоор ялагчийг шийдвэрлэхэд эхний өрөг 1.5:1.5-аар тэнцсэн бол шийдвэрлэх сүүлийн өрөгт Монголын баг 2:1-ээр ялснаар хүрэл медаль хүртлээ.










