
С.Төгсжаргал: Монголын сагсан бөмбөгийн 3х3 нэг шат ахисан шинэ улирал эхэллээ
Монголын сагсан бөмбөгийн улиралууд үргэлжилсээр…
Спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид ойрын өдрүүдэд сагсан бөмбөгөөр амьсгалж буй. Ингэж тодотгосны учир нь сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн финалын тоглолтууд эхэлчихсэн, ид өрсөлдөөн ширүүн өрнөж байгаа. Монголчууд бид азтай улс юмаа. Сагсан бөмбөгийн тамирчдынхаа ур чадвар, тоглолтын арга барил өдрөөс өдөрт ахиж буйг бодитоор харж, дэргэдээс нь тоглолт бүрийг алгасалгүй шимтэн үзэж, хүндэлдэг тамирчнаа цаашлаад багаа уухайлан дэмжиж байгаа өдрүүдэд тодоос тод дурсамж болон үлдэж байгаа. Монголын сагсан бөмбөг үнэхээр сайхан хөгжиж байнаа. Иймдээ ч тоглолт бүр М банк аренагийн үзэгчийн танхим дүүрэн, доторх уур амьсгал гайхалтай өрнүүн байгаа.
Тэгвэл 5х5 сагсан бөмбөгийн улирал хөшгөө хаах мөч ойртож буй энэ өдрүүдтэй зэрэгцэн 3х3 дээд лигийн шинэ улирал өчигдөр (2026.04.08) нээлтээ хийлээ. Ингээд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа илүү нэг шат ахисан 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал нээсэнтэй холбогдуулан тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал нээлээ. Энэ тухай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Сайн байна уу. Өнгөрсөн жилүүдэд манайх 3х3 про лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ жилээс 3х3 үндэсний дээд лигийн тэмцээнийг анх удаа 5х5 лигтэйгээ яг адилхан форматаар явуулж эхэлж буйдаа таатай байна. Энэ лигийн хамгийн гол онцлог нь “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын цикл эхэлж байгаатай холбоотой. Иймээс олимпын оноо цуглуулах өндөр хариуцлага эхэлж байна.
-Олимпын эрх авахаар хэрхэн зорьж байна вэ?
-Тухайн улсын топ 20 тамирчинд дунджаар эхний эрхүүдийг олгоно. Иймээс холбооноос эхний боломжоороо олимпын эрхээ авахаар зорьж ажиллаж байна. Энэ ч утгаараа манай энэ тэмцээнүүд маань чансааны оноо цуглуулах учраас дандаа Олон улсын тэмцээнүүдтэй холбогдож байгаа гэсэн үг.
-2026 онд Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэдэн тэмцээн эх орондоо хүлээн авч зохион байгуулах вэ?
-МСБХ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтраад энэ жил 10 тэмцээн зохион байгуулна. Энэ 10 тэмцээний нэг нь эрэгтэй, 9 нь эмэгтэй төрөлд зохион байгуулах юм. Харин эмэгтэй тамирчид дотоодын тэмцээнүүддээ оролцоод, оноогоо цуглуулаад явна. Эдгээр тэмцээнд түрүүлсэн багууд нь бүгдээрээ олон улсын тэмцээнд оролцохоороо онцлог. Ер нь бол “Олон улсын лиг” гэж хэлж болно.

-2026 оны сагсан бөмбөгийн улирлын өрсөлдөөний өнгө төрхийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Энэ жилийн хувьд нэлээн хүчтэй өрсөлдөөн болохоор байна. Багууд маш хүчтэй мөн залуу үе бас хүчтэй түрэн гарч ирж байна. Энэ жил манай 3х3 сагсан бөмбөгийн лигт гаднын тамирчид нэлээн тоглож байгаа. Тухайлбал Латви улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан “Токио 2020” зуны олимпын аварга, дэлхийн Их дуулгын үнэ цэнтэй тоглогч Наурис Миезис энэ жилээс манай “Улаанбаатар Уэст” багт тоглож байгаа.
Наурис Миезисийн амжилтууд:
- “Токио 2020” олимпын наадмын аварга
- Европын 2017 оны аварга
- Европын аваргын MVP
- Дэлхийн Их дуулгын аварга, MVP
- 2019 оны ДАШТ-ний мөнгө
- 2023 оны ДАШТ-ний хүрэл
- ДАШТ-ний бэлгэдлийн шилдэг багт 2 удаа
- Европын аваргын 3 удаагийн мөнгөн медальт тамирчин юм.
Мөн манай дасгалжуулагч Канадын мэргэжилтэн Стив Сөр байна. Бас Блэйк гээд Монголын лигт тоглож байсан тоглогч мөн тоглож байна. Өрсөлдөөн хүчтэй өрнөх болов уу. Цаашдаа ирээдүйд ч гэсэн олон шилдэг тамирчид Монгол Улсад ирж легионер тамирчнаар лигийн талбайд өрсөлдөх байх.
-Сагсан бөмбөгийн 3х3 шинэ улирал анхаарал татсан олон онцгой явдлаар дүүрэн байхнээ?
-Тийм. Супер көүст тэмцээн энэ сарын 11, 12-нд болно. Энэ тэмцээнд гаднын 5 баг оролцсон олон улсын тэмцээнийг яг үргэлжлүүлж зохион байгуулна. Үүнд бас гаднын 5 баг, мөн Демаркус Казинс тэргүүтэй “Сэлэнгэ Бодонс” багууд өрсөлдөх учраас хүчтэй өрсөлдөөнүүд энэ бямба, ням гарагуудад Монголын үзэгчдийг хүлээж байна. Ийм шинэ улирал маш сайхан эхэлж байгаа. Мөн Монголын сагсан бөмбөг 3х3 төрлөөрөө нэг түвшин, шат ахисан гоё амжилттайгаар эхэллээ.


-2026 онд МСБХ-ноос 3х3 төрлөөрөө хэдэн тэмцээнийг эх орондоо хүлээж авах вэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жилийн хувьд 3х3 төрлөөрөө олон улсын 6 тэмцээнийг зохион байгуулна.
- 4 сарын 11, 12-ны өдрүүдэд Super Quest
- 6 сарын 20-28-ны өдрүүдэд Эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при
- Эрэгтэй дэлхийн Гран при
- Дэлхийн Их Дуулга
- Улаанбаатар дэлхийн Их Дуулга
Зэрэг тэмцээнийг бид нар НЗДТГ-тайгаа хамтраад Сүхбаатарын талбай дээрээ зохион байгуулна. Мөн 8 сард дэлхийн Гран при, 9 сард дэлхийн Гран при гээд араас нь үргэлжлүүлээд зохион байгуулах хуваарьтай байна. Мэдээж манай баг тамирчид олон улсын тэмцээнүүддээ оролцоод явна. Ер нь Олимпын цикл гээд нэг жилийн хугацаанд хамгийн өндөр оноогоор тооцдог байсан бол энэ жилийн циклээс 2 жилийн туршид авсан хамгийн өндөр оноогоор тооцдог болсон. Бид нар 2024 оноос эхлээд шинэчлэл хийгээд, залуу тамирчнаа багийн бүрэлдэхүүнд оруулж ирж буй. Одоо дараагийн залгамж халаагаа бас бэлдэх холбооны бодлогууд явж байгаа.
-Олимпын эрхийн тухайд сонирхоё?
-Ази тивээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 баг эрх авах ёстой байгаа. Үүн дээр бид нар хамгийн эхний зорилгоо тавьж байна. Эндээсээ авч чадахгүй бол дараагийн 2 тэмцээнд оролцон, тоглож эрх авах боломжууд бий. Тэр тэмцээнд оролцохын тулд дахиад оноо цуглуулах, дараагийн тэмцээнүүдэд оролцох шаардлагууд байгаа. Ер нь бүх төлөвлөгөөгөө гаргаад, өөрсдөөс шалтгаалах бүх сайн зүйлүүдээ хийгээд явна аа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг үзэх линк:








