
Өнгөрсөн мягмар гарагт Кубын нийслэл Хавана хотод байрлах Кубын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, эх оронч Мариана Граха́лес Куэ́льогийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд олон зуун эмэгтэйчүүд АНУ-ын Кубад чиглэсэн бодлого болон АНУ-ын тогтоосон эрчим хүчний хоригийн эсрэг жагсжээ.
Жагсаалыг Кубын засгийн газар болон коммунист намтай нягт холбоотой гэгддэг Кубын Эмэгтэйчүүдийн Холбоо зохион байгуулсан байна.
Жагсагчид “Хоригоо цуцал” гэсэн бичиг, Фидель Кастро болон Рауль Кастрогийн гэргий, улс төр нийгмийн зүтгэлтэн, хувьсгалч Вильма Эспин нарын хөрөг бүхий уриа лоозон барьсан байжээ.
Гартаа Кубын далбаа барьсан Магали Медина Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа, “Бид энд социалист хувьсгалаа хамгаалах гэж цуглаад байна. Кубын ард иргэдийг үйл олноор нь үгүй хийх зорилготой хоригийг бид эсэргүүцэж байна.” хэмээн ярьжээ.
Кубын Ерөнхийлөгч агсан Рауль Кастрогийн охин Мариэла Кастро жагсаалыг удирдаж, Кубын тэргүүн хатагтай Лис Куэста жагсагчдыг даган дуулж байв.
Залуудаа партизануудын дунд Тете нэрээрээ алдартай байсан Дельса Эстер Пуэбла, “Манай иргэд хувьсгалын талд зогссон хэвээр байгаа. Бид өөрсдөөсөө ч том хувьсгалыг хийсэн. Одоо ч түүнийгээ үргэлжлүүлсээр байна. Бид бол “Мариана” салааны партизанууд.” хэмээн онцолжээ.
Өнгөрсөн 1-р сард АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлд улсад Кубад газрын тос нийлүүлэхийг хориглосон юм.
Газрын тосны хомсдолд орсноор Куба улсын бүх салбар уналтад орсон юм. Тус улсад хүнс, эм тариа, эрчим хүчний хомсдол нүүрлэж, нийтийн тээврийн үйлчилгээ, үйлдвэрлэл зогсоод байна.
Шатахууны нийт хэрэглээнийхээ 40 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг Кубад ОХУ-ын зүгээс 730 мянган баррель газрын тос илгээснийг өнгөрсөн 7 хоногт Хавана хүлээж авсан юм. ОХУ-ын эрх баригчид Хаванад дахин газрын тос илгээхээ мэдэгдээд байгаа билээ.
Кубын Гадаад харилцааны орлогч сайд Жозефина Видаль, “АНУ хүчирхийллийн энэ бодлогоо зогсоох ёстой. Кубын ард иргэд ингэж зовох ёсгүй. Энэ бол түүхэнд бүхэл бүтэн нэг улсын эсрэг тогтоож байсан хамгийн том, өргөн хүрээг хамарсан, урт хугацааны албадлагын арга хэмжээ юм.” хэмээн Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








