
Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бэкхемийн эзэмшдэг хөлбөмбөгийн Inter Miami клуб албан ёсны цэнгэлдэхтэй болж, Д.Бэкхемийн мөрөөдөл 13 жилийн биеллээ олжээ.
Miami Freedom Park-т баригдаж буй Inter Miami клубийн Nu Stadium албан ёсны цэнгэлдэхийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ, Канадын хөлбөмбөгийн дээд лигийн тэргүүн Дон Гарбер оролцжээ.

26 700 хүний суудалтай шинэ цэнгэлдэхийн бүтээг байгуулалт хараахан дуусаагүй байгаа ба цэнгэлдэхийн эргэн тойронд олон тооны барилгын машин техник, тоног төхөөрөмжүүд байгааг үл харгалзан Miami Inter клубийн албан ёсны цэнгэлдэхдээ хийсэн анхны тоглолтыг үзэхээр зарим хөгжөөн дэмжигчид 1000 ам.доллар зарцуулжээ.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Inter Miami клубийн тоглогч Мессиг талбайд гарахаас өмнө Inter Miami клубийн Дэвид Бекхем тэргүүтэй удирдлагууд талбайд гарч, шинэ цэнгэлдэхийн нээлтэд ирсэн Inter Miami клубийн хөгжөөн дэмжигчдэд талархсанаа илэрхийлжээ.


Nu Stadium цэнгэлдэхийн анхны гоолыг Austin клубийн хамгаалагч Гильермо Биро хийжээ. Түүнийг гоол хийснээс хойш 4 минутын дараа Месси хоёр дахь гоолыг оруулжээ.
Дон Гарбер, “Мэдээж хүнд хэцүү үеүд байсан, гэхдээ Дэвид өөдрөг хүн. Тоглодог байхдаа ч ийм өөдрөг байсан байх. Асар эр зоригтой гэдэг нь карьераас харагдана. Бизнесменүүдэд л байдаг эр зориг түүнд бий.” хэмээн ярьжээ.


Дэвид Бэкхем нь хөлбөмбөгийн спорт төдийгүй энтертайнмент, хувцас загварын салбарт алдартай нэгэн юм. Тэрээр АНУ-ын LA Galaxy багт тоглож эхэлснээр АНУ, Канадын хөлбөмбөгийн дээд лигийг өөрчилж чадсан юм.
Тэрээр, “Би анх Америкт АНУ-ын хөлбөмбөгийн дээд лигт 20 жилийн өмнө тоглож эхлэхдээ аваргын цом хожиж, хөлбөмбөгийн спортыг алдаршуулж, өөрийн багтай болох мөрөөдөл тээж ирсэн. 13 жилийн өмнө би Майами хотыг сонгосноо зарласан. Бидэнд нэр ч байгаагүй. Хөгжөөн дэмжигчид, цэнгэлдэх ч байгаагүй. Өнөөдөр бид шинэ гэртэй боллоо. Бид АНУ-ын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд болж чадсан. Манай клубт хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч тоглож байна. Мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна.” хэмээн ярьжээ.


Хөлбөмбөгийн Austin клубийн эздийн нэг жүжигчин Мэтью МакКонахи Д.Бэкхемд Америкийн хөлбөмбөгийн спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулсанд талархаж буйгаа илэрхийлсэн ил захидлыг нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








