
Монголын Оюутны спортын холбоо, БТСУХ хамтран оюутны спортын VII тэмцээнийг зуны спортын 13 төрлөөр зохион байгуулж байна.
“Оч” клубт ширээний теннисний тэмцээн энэ сарын 01-02-ны өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд тэмцээний ерөнхий шүүгч Б.Цэрэнтогтох болон тамирчдын төлөөллөөс авсан ярилцлагаа хүргэе.
Б.Цэрэнтогтох: Шигшээ багийн 80 хувь нь оюутан залуус байдаг

-Монголын оюутны спортын хөдөлгөөн жилээс жилд өргөжин тэлж, зөвхөн дотоодын тэмцээн уралдаан төдийгүй олон улсын тавцанд өрсөлдөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэх чухал суурь болж байна. Ялангуяа ширээний теннисний төрөлд сүүлийн жилүүдэд ур чадвар, хурд, тактикийн өрсөлдөөн эрс нэмэгдэж, тэмцээний чансаа шинэ түвшинд хүрээд буй. Энэ удаагийн Монголын Оюутны спортын VII наадам ч мөн адил шилдэг тамирчид, туршлагатай шүүгчдийн оролцоотойгоор өндөр зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй явагдаж байгаараа онцлог юм. Үүнээс гадна, оюутан тамирчид зөвхөн дотоодын амжилтаар хязгаарлагдахгүй, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох бэлтгэлээ зэрэг хангаж буй нь энэхүү наадмын ач холбогдлыг улам тодотгож байна.


Спортын салбарын мэргэжилтнүүдийн хувьд ч энэ тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн биш, харин шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх, залуу тамирчдыг олон улсын түвшинд бэлтгэх бодит талбар болж буйг онцлоё. Оюутны спортын хөгжлийн нэгэн чухал хэсэг болсон тус тэмцээний явц, онцлог, зохион байгуулалт юм. Монголын Оюутны спортын VII наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй ширээний теннисний төрөлд нийт 17 их, дээд сургуулийн 72 оюутан тамирчин өрсөлдөж байна. Үүнээс 43 нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй тамирчид юм. Тус тэмцээнд Оюутны шигшээ баг болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа нь өрсөлдөөний түвшинг улам өндөр болгож байна.


Мөн 2026 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд Английн Лондон хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын 80 гаруй хувь нь оюутан залуус байгаа бөгөөд тэд энэхүү наадамд оролцохын зэрэгцээ бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэмцээнийг 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. Үүнд олон улсын зэрэгтэй 3 шүүгч, улсын зэрэгтэй 3 шүүгч ажиллаж байгаа бол бусад шүүгчид зэрэг ахиулах зорилготой оролцож байна. Монголын Оюутны спортын холбоо болон Биеийн тамир, спортын улсын хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх, оюутан тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.


Ширээний теннисний тамирчин Б.Эгшиглэн: Энэ жил амжилтаа ахиулахыг зорьж байна
Оюутны спортын наадам нь залуу тамирчдын ур чадвар, сэтгэлзүй, тэсвэр хатуужлыг бодитоор сорьсоор ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд улсын шигшээ багийн тамирчид оюутны ангилалд өрсөлдөх болсон нь тэмцээний чансаа, өрсөлдөөнийг шинэ түвшинд хүргэж байна. Ийм өндөр өрсөлдөөн дунд өөрийн амжилтаа ахиулах зорилго тавин оролцож буй тамирчдын нэг нь Монголын шигшээ багийн тамирчин, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Б.Эгшиглэн юм. Тэрээр зөвхөн оюутны наадамд төдийгүй олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж, ур чадвараа шат ахиулахыг зорьж буйгаа бидэнд хуваалцлаа.
-Энэ тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Би энэ тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож байна.
-VII дугаар наадмын ширээний теннисний тэмцээний онцлог, өрсөлдөөний талаар юу хэлэх вэ?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн тэмцээн илүү өрсөлдөөнтэй, ширүүн болж байна. Шилдэг тамирчид олноор оролцож байгаа нь мэдрэгдэж байна.
-Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан.
-Ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Дөрөвдүгээр сарын сүүлээр манай улсын шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явна. Тиймээс одоогоор бэлтгэл сургуулилтаа хангаж, дэлхийн аваргад амжилттай оролцохыг зорьж байна.
-Энэ жилийн өмнөө тавьж буй зорилгоосоо хуваалцвал?
-Өмнөх амжилтаа ахиулж, илүү өндөр амжилт гаргахыг зорьж байна. Мөн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж байна.




Шигшээ багийн тамирчин Б.Энхжингийн видео ярилцлагыг үзэх линк:








