
МУБИС-д баримт шалгагч оюутны “VIBE MNUE” клуб нээлтээ хийлээ
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн харьяа “VIBE MNUE” клубийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /03.31/ болж, оюутан залуус болон олон нийтэд мэдээллийн боловсрол түгээх шинэ санаачилга эхэллээ.
Тус клуб нь мэдээллийн эрин үед худал мэдээлэлтэй тэмцэх, баримт шалгах ур чадварыг түгээх, үе тэнгийн залуустаа зөв хэрэглээг үлгэрлэх зорилготой юм. Клубийн үйл ажиллагааг Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг, Утга зохиолын тэнхимийн багш, доктор Б.Надмид, Нийгмийн ухааны тэнхимийн багш А.Гандолгор нар чиглүүлэн ажиллаж байгаа аж.
“VIBE MNUE” клуб нь V4C-Өөрчлөлтийн дуу хоолой төсөлтэй хамтран ажиллаж, Европын Холбооны санхүүжилттэйгээр олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлээд байгаа бөгөөд цаашид ч өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Клубийн тэргүүн М.Өсөхбаяр “Тус клуб нь баримт шалгах, худал мэдээллийг залруулах, мэдээллийн боловсрол түгээх,баримтыг хэрхэн шалгах арга барилыг үе тэнгийнхэндээ заах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулна.” гэв.
“VIBE MNUE” клуб нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн 35 оюутан гишүүнээр ажиллаж байна. Мөн тус клуб нь “Өөрчлөлтийн дуу хоолой” төсөлд шалгаран, Европын Холбооны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буйгаараа онцлог юм.
Энэхүү клуб байгуулагдсанаар оюутан залуусын оролцоонд тулгуурласан баримт шалгах соёл төлөвшиж, олон нийтэд түгэж буй мэдээллийн чанар, хариуцлага сайжрахад чухал хувь нэмэр оруулах юм байна.
М.Солонго








