
ОБЕГ: Иргэдийг шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна
Улсын хэмжээнд нийт 580 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс зонхилох шалтгаан нь худал дуудлага болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл байгааг албаныхан мэдээллээ. Тодруулбал 58 удаагийн дуудлага худал байсан бөгөөд хүүхдүүд 101 дугаарт тоглож залгах, мөн яндангийн уурыг гал гэж андуурч мэдээлэх тохиолдол түгээмэл байна. Харин 41 удаагийн гал түймэр иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэлтэйгээр бүртгэгджээ.
Нийслэлд 2025 онд шар өвсний түймрийн 358 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс таван удаа ойн болон хээрийн түймэрт ажилласан байна. Эдгээр түймрийн шалтгааны дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг аж. Тухайлбал зуслангийн бүсэд гагнуур хийх, ил задгай тамхи татах, чүдэнз, галын эх үүсвэрийг буруу ашиглах зэрэг байна.
Мөн 2021-2025 оны хооронд шар өвсний гал түймрийн 700 гаруй дуудлага бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь хаврын хуурайшилтын үед гардаг гэсэн юм. Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн байгууллагаас энэ жил Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай аймгуудад хуурайшилт ихтэй байхыг анхааруулж байгаа тул иргэдийг шар өвс шатаахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, мөн зэрлэг ургамлыг механик аргаар устгахыг зөвлөж байна.
Албаныхан гал түймрийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед иргэн бүр хариуцлагатай байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа.
М.Солонго
Шууд мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








