
Монголчуудын хүсэн хүлээдэг Үндэсний номын баяр 40 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Харин энэ жил номын баяр төв талбайд хэдхэн өдөр зохион байгуулагдаад өндөрлөх бус, ерөнхий боловсролын сургуулиуд дээр хүүхдүүдийн оролцоотойгоор үргэлжилдэг өргөн хүрээний баяр болох шинэ уламжлал бий болж байна.
2026 оны хавар “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ өөрийн хөрөнгө оруулалт, хандив дэмжлэгээр нийслэлийн 89 ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн уншлагын орчин байгуулж, Үндэсний номын баярыг сургуулиуд дээр зэрэг зохион байгуулснаар энэхүү санаачилгын эхлэлийг тавьсан юм. Харин 2026–2027 оны хичээлийн жилд хөдөлгөөн улам өргөжиж, өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн 331 сургууль “Багштайгаа ангиараа уншъя” үндэсний хөтөлбөр болон “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнд нэгдээд байна.
НОМЫН БАЯР ХҮҮХЭД БАЙГАА ГАЗАРТ ОЧИЖ БАЙНА
Сургуулийн номын баярын гол онцлог нь хүүхэд зөвхөн ном худалдаж авах, үзэсгэлэн үзэх бус өөрөө оролцогч нь болдогт оршино. Хүүхдүүд багштайгаа ангиараа ном уншиж, уншсанаа ярилцан, бичиж, зурж, бүтээл болгон илэрхийлж, найз нөхөд болон эцэг эхтэйгээ хуваалцана. Анги, сургуулийн хэмжээнд хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, олон төрлийн бүтээлч арга хэмжээ зохион байгуулагдана.
Мөн ахлах ангийн “Динза элч” сурагчид сургуулийнхаа номын баяр, үзэсгэлэнг зохион байгуулах, медиа баг ажиллуулах, бусад ангиудыг оролцуулах, дүү нартаа туслах зэргээр өөрсдөө хөдөлгөөний манлайлагч болж оролцож байна. Ийнхүү ном унших үйл явцыг нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхдийн өдөр тутмын сургалтын орчинд оруулж, унших — ойлгох — ярилцах — бүтээх — хуваалцах дадал болгон төлөвшүүлэхийг зорьж байгаа юм.
10 ДУГААР САРЫГ ДУУСТАЛ СУРГУУЛИУДЫН НОМЫН БАЯРААР ЗОЧЛООРОЙ
Энэ намар сургуулиудын номын баяр, хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, уншлагын арга хэмжээнүүд 10 дугаар сарыг дуустал зохион байгуулагдана. Иргэд, эцэг эхчүүд өөрийн гэр, ажилтай ойрхон сургуулийн номын баяраар зочилж, хүүхдүүд юу уншиж, уншсанаа хэрхэн бүтээл болгон илэрхийлж байгааг үзэж, тэднийг дэмжих боломжтой.
Ингэснээр Үндэсний номын баяр зөвхөн төв талбай дээр хавар, намартаа хэдхэн өдөр зохион байгуулагддаг арга хэмжээ биш, сургууль бүрд хүрч, хүүхэд бүр оролцдог уншлагын соёлын өргөн хөдөлгөөн болон тэлэх шинэ уламжлал бий болж байна. “Номын баяр хүүхэд байгаа газар очих ёстой.
Хүүхэд номыг зөвхөн худалдаж аваад өнгөрөх биш, багштайгаа, найзуудтайгаа хамт уншиж, ярилцаж, бүтээл хийж, бусадтай хуваалцдаг байгаасай. Номын баярыг сургуулиуд руу тэлж байгаа гол зорилго маань энэ” хэмээн “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын үүсгэн байгуулагч Анбат Дэлгэржаргал онцоллоо.
Үндэсний номын баяр төв талбайгаас сургуулиуд руу, номын худалдаанаас хүүхдийн бодит оролцоо руу тэлж байна.






















