
Баянгол дүүргийн “Өсвөрийн аврагч” тэмцээн өнөөдөр 77 дугаар сургуулийн талбайд эхэллээ. Тус тэмцээнд дүүргийн есөн сургуулийн нийт 63 сурагч оролцож, гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, ур чадвараа сорьж байна. Энэ удаагийн тэмцээнд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид мөн оролцож, олон хоногийн турш бэлтгэсэн мэдлэг, чадвараа бодит нөхцөлд сорьж байгаа юм.

Тэдний хувьд “Өсвөрийн аврагч” хөтөлбөр нь зөвхөн тэмцээнд бэлтгэхээс гадна өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэг болох олон чухал ур чадварыг эзэмшүүлж байгаа талаар онцолж байлаа. Сурагчид гал түймэр, усны осол, газар хөдлөлт зэрэг гэнэтийн аюулын үед хэрхэн зөв арга хэмжээ авах, өөрийгөө хамгаалахын зэрэгцээ ойр дотнын хүмүүсдээ хэрхэн тусламж үзүүлэх талаар суралцжээ. Мөн осол, гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадал эзэмшсэн нь тэдний хувьд насан туршид хэрэг болох чухал чадвар гэдгийг хэлж байв. Гэнэтийн гамшиг, ослын үед мэргэжлийн аврагчид газар дээр нь шууд хүрч ажиллах боломжгүй нөхцөл үүсдэг. Тиймээс иргэд, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхэн гамшиг, ослын үед хэрхэн зөв хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгтэй байх нь чухал юм.
“Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 12-12 ангийн сурагч А.Өсөхбаяр: Би өмнө нь усанд живж байсан гөлгийг аварч байсан. Харин “Өсвөрийн аврагч” хөтөлбөрт хамрагдсанаар гэнэтийн аюул, осол тохиолдсон үед гэр бүл, найз нөхдөө хэрхэн хамгаалж, тусламж үзүүлэх талаар илүү ихийг сурсан.
Харин тус сургуулийн 12Ж ангийн сурагч Б.Хасмэргэн “Өсвөрийн аврагч” хөтөлбөрт хамрагдсанаар ирээдүйн мэргэжлээ сонгоход нь ч нөлөөлсөн талаар ярьсан юм. “Энэ хөтөлбөрөөр дамжуулан эзэмшсэн мэдлэг, ур чадвараа цаашид хөгжүүлж, ирээдүйд бусдыг авран хамгаалах чиглэлээр мэргэшсэн хүн болох зорилготой болсон.”


Тэмцээний үеэр оролцогчдын хурд, хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвар, мэдлэгийг шалгах олон төрлийн даалгаврыг зохион байгуулжээ. Тухайлбал, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах, бартаа саадыг давах, мэдлэг сорих асуулт хариулт зэрэг нийт найман цэгт сурагчид өрсөлдөж байна. “Өсвөрийн аврагч” тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхэнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгохоос гадна аюултай нөхцөлд зөв шийдвэр гаргах, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадал суулгах ач холбогдолтой юм. Баянгол дүүргийн энэ удаагийн тэмцээнээр дамжуулан 63 сурагч өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорьж, аврагчийн үйл ажиллагаатай танилцан, гамшиг, ослын үед бэлэн байх чухал дадлыг бодитоор эзэмшиж байна.










