
Румынд он гарснаас хойш долоо хоног тутам нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алджээ
Өнгөрсөн мягмар гарагт Румыны нийслэл Бухарест хотын Ateneul Român концертын төв танхимын барилгын гадна шатан дээр улаан өнгийн гутлуудыг эгнүүлэн тавьж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан эмэгтэйчүүдийн дурсгалыг хүндэтгэжээ. Уг арга хэмжээг зохион байгуулагч, сэтгүүлч Алессандра Стоицеску статистик судалгаагаар 2026 он гарснаас хойш тус улсад 3 эмэгтэй тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан гэж гарсан нь сэтгэл эмзэглүүлж буйг онцолжээ.
Тэрээр, “Эмэгтэйчүүдийн хувьд гэр орон нь тав тух, амар амгалангийн газар байхаа больж хүчирхийлэл үйлдэгддэг газар болоод байна.” гэжээ. Түүнчлэн санал асуулгаар Румын эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь найз залуу, нөхөр болон хамтрагчийнхаа зүгээс үгэн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Уг асуудалтай холбоотойгоор Румыны парламент эмэгтэйчүүдийн эсрэг аллага үйлдсэн этгээдүүдэд оноох ялыг чангатгах хуулийн төсөл батлаад байна.
Тус хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийн агуулгатай онц ноцтой гэмт хэргүүдийн ялыг чангатгах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хамгаалалтыг сайжруулах, шүүхийн шийдвэрийг зөрчсөн этгээдүүдэд тавих хориг хязгаарлалтуудыг чангатгах, зарим тохиолдолд хорих замаар шийтгэх тухай ч заажээ.







