
СБД-ийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын шавыг тавилаа
Нийслэл хотын зүрхэн цэг болсон СБД-т бүтээн байгуулалтын ажлууд ээлж дарааллан өрнөсөөр байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох хамгийн гол суурь нөхцөл, орчин бааз нь бодит хөрсөн дээр буусан бүтээн байгуулалтууд юм. Нийслэлийн ард иргэдийн хүүхэд багачууд хүрэлцээтэй анги танхимтай, сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэдэг нь хэчнээн сайхан.
Өнөөдөр нэгэн томоохон бүтээн байгуулалт ажил ийнхүү сууриа тавьж байна.

СБД-ийн 7-р хороо цэцэрлэгийн насны 600 гаруй хүүхэдтэй. Түүний 180 гаруй нь хувийн цэцэрлэгт явдаг.
Харин шинэ цэцэрлэг баригдсанаар бүх хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Өнөөдөр дүүргийн 7 дугаар хороо нутаг дэвсгэр 2-р сургуулийн ард талд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.
Арга хэмжээг нээж Засаг дарга М.Алтангэрэл: Энэхүү бүтээн байгуулалт баригдаж, ашиглалтад орсноор СБД-ийн айл өрхийн бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой
“Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийн дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийнхээ хүрээнд хүүхэд, багачуудынхаа сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэхээр хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсний нэг нь үйл явдал юм” гэлээ.


7 дугаар хороонд улсын ганцхан 135-р цэцэрлэг байдаг. Энэ цэцэрлэг хамран сурах тойргийн дагуу 7, 8-р хорооны хүүхдүүдийг авдаг. Тийм учраас цэцэрлэг нэн шаардлагатай гэсэн иргэдийн саналын дагуу дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ цэцэрлэгийг барьж буй. 2024 онд энэ 2-р сургууль орчмоос нийтдээ 123 гарааш буулгаж, өнгөрсөн жилээс газар чөлөөлөлт хийсэн байршлууддаа оршин суугчдын саналын дагуу авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг үе шаттай хийж байгаа” гэдгийг тодотгов. Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллах бөгөөд ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
















