
Мөнх цаст уулсын цас, мөс хайлж дуусна гэж та бодож байсан уу?
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Эх дэлхийн цаг” санаачилгыг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хөдөлгөөн нь өдгөө дэлхийн 190 гаруй оронд хүрч, тив алгасан идэвхжиж өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаа болжээ.
Харин энэ жил Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Уул ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд “Эх дэлхийн цаг 2026” арга хэмжээг зохион байгууллаа. Тус хөдөлгөөний хүрээнд судалгаа баримт бүхий олон төрлийн мэдээлэл, үйл ажиллагаа, уриалга өрнөсөн билээ. Үүнээс дурдвал усны нөөцийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд жил ирэх тусам хурдацтайгаар татарч:
- 2025 онд 14,3 км куб
- 2030 он гэхэд 13 км куб
- 2050 он гэхэд 10 км куб болж багасах төлөвтэй байна.

Мөнх цас, мөсөн голууд хурдацтай хайлснаар ойрын жилүүдэд усны урсац ихсэж, үерлэх төлөвтэй ч алсдаа цас, мөснөөс эх аван урсдаг гол мөрнүүд ширгэх эрсдэлтэй. Ингэснээр нутгийн иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, санхүүгийн асуудлууд үүсэж, ундны усны нөөц хомсдож, өндөр уулсын экосистем буюу амьтан, ургамлын тэнцвэрт байдал алдагддаг байна.


3 дугаар сарын 28-нд Зайсан Хилл-д эдгээр сэдвүүдийн хүрээнд олон нийтийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд залуу гэр бүл, хүүхэд залуучуудын оролцоо идэвх их байсан нь ирээдүй хойч үе эх дэлхийгээ хамгаалан хайрлах хүсэлтэй байгааг харуулж байсан юм.







