
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас болж Филиппин улсын эрчим хүчний салбар уналтад орж эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн мягмар гарагт эрчим хүчний онц байдал зарлажээ.
Эрчим хүчний онц байдал нэг жил үргэлжлэх ба энэ хугацаанд Ерөнхийлөгч Ф.Маркос онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах, санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийг ахалж, шатахуун, хүнс, эм тариа, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн зэргийг дэс дараалалтайгаар, хүртээмжтэй нийлүүлэх ажлыг хариуцах аж.
Түүнчлэн онц байдал зарласантай холбоотойгоор эрх баригчид шатахууныг их хэмжээгээр авч нөөцлөх, дамлах, үнийн хөөргөдөл, хиймэл хомсдол үүсгэх явдлуудын эсрэг арга хэмжээ авах бол Филиппиний Цагаач ажилчдын асуудал хариуцсан яам нөхцөл байдал хурцадвал Ойрх Дорнодод ажиллаж буй улсынхаа иргэдээ аварч, эх оронд нь авчрах ажлыг хариуцах аж.
Бензин, дизель түлшний үнэ нэмэгдэж буйтай холбоотойгоор Филиппиний засгийн газар таксины болон нийтийн тээврийн жолооч нарт нэг удаадаа тус бүр 5000 песо буюу 83 ам.долларын дэмжлэг олгож эхэлснээс гадна зарим хотуудад нийтийн тээвэр оюутнууд болон ажилчдад үнэгүй үйлчилж эхэлжээ.
Ойрх Дорнодод 2.4 сая филиппинчууд ажиллаж, амьдардаг. Тэдгээрийн 31 мянга нь Израилд, 800 нь Иранд ажиллаж байгаа ба Ираны дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодод ажиллаж амьдарч байгаа филиппинчуудаас цөөн хэд нь л эх орон руугаа буцжээ.
Өнгөрсөн 2-р сарын 28-нд Ираны зүгээс Израилын нийслэл Тель-Авив хотод үзүүлсэн пуужингийн цохилтын үеэр тус хотод өндөр настны асрагчаар ажиллаж байсан филиппин эмэгтэй амиа алдсаныг албаны хүмүүс онцолжээ.








