
Авлигын хэрэгт холбогдсон Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн Хүндэт легионы одонг хураан авчээ.
2007-2012 онд Францын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Н. Саркозийг өнгөрсөн 12-р сард Францын Дээд шүүх албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын хэрэгт гэм буруутай хэмээн 12 сарын турш цахим гав зүүх шийтгэл ноогдуулсан билээ.
Францын улс төрд чухал нөлөөтэй хэвээр байгаа экс Ерөнхийлөгч Н. Саркозийг 2021 онд шүүхээс шүүгчид хээл хахууль өгч, албан тушаалаа ашиглан нууц зэрэглэлийн мэдээ мэдээлэл олж авахыг оролдсон хэрэгт гэм буруутайг тогтоосон билээ.
Экс Ерөнхийлөгч Н. Саркозитэй ойр харилцдаг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Н. Саркозиг Францын ард иргэд төрийн дээд албан тушаалд сонгон томилсон гэдгийг онцлон, экс төрийн тэргүүнүүдэд тодорхой хэмжээнд хүндлэл үзүүлэх нь чухал хэмээн байр сууриа илэрхийлсэн ч Францын Хүндэт легионы одонг олгодог байгууллага нь шүүхээс нэг ба нэгээс дээш жилийн хорих ял авсан ямар ч хүнээс уг шагналыг хураан авна гэсэн журамтайг онцолжээ.
Францын өмнөх төрийн тэргүүнүүдээс зөвхөн Филипп Петены Хүндэт легионы одонг нь хураан авч байжээ. Шүүхээс түүнд эх орноосоо урвасан, дайсантай үгсэн хуйвалдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноож байсан аж.
Түүнээс гадна Сирийн Ерөнхийлөгч асан Башар Ассад, допингийн хэрэгт холбогдсон Тур де Франс тэмцээний 7 удаагийн аварга Лэнс Армстронг, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдагчаар татагдсан кино продюссер Харви Вайнштайн нарын Хүндэт легионы одонг хураан авч байжээ.
Ерөнхийлөгч асан Н. Саркозигийн хувьд шүүхийн асуудлууд нь дуусаагүй бөгөөд тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн мөнгөөр санхүүжүүлсэн хэргээр шалгагдаж байгаа юм.