
3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 23-наас 29-нийг дуустал Д.Сүхбаатарын талбайд болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 багийн 160 тамирчин (нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй)
Улаанбаатарт өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох багууд эхнээсээ бүрэлдэхүүнээ зарлаад эхэлсэн. Тодруулбал
Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар багтсан байна.
Эрэгтэй тамирчид “B” хэсэгт АНУ, Латви, Япон болон Монтенегротой өрсөлдөнө

Харин эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нар багтжээ.
Эмэгтэй тамирчид “D” хэсэгт Испани, Герман, Украин, Бразилтай өрсөлдөнө


Мөн энэхүү тэмцээнд оролцох АНУ-ын баг бүрэлдэхүүнээ зарласан байна. Тодруулбал, NBA-гийн тоглогч асан, өдгөө 3х3 шигшээ багийнхаа захирлаар нь ажиллаж буй Жиммер Фредеттийн удирдлага дор Хенри Карусо, Мич Хан, Жэймс Парротт, Дайлан Травис нар эрэгтэй багаа төлөөлөх бол Морган Мэли, Сара Стронг, Микалай Уильямс, Сахара Уильямс нар “Сэм авгын” эмэгтэй багаас оролцохоор болжээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд 3х3 сагсан бөмбөгийн гурван тэмцээн Монголд болно. Ингэснээр Монголын Сагсан бөмбөгийн холбоо 3х3 төрлийн олимпийн наадмаас бусад тэмцээнийг авсан цор ганц улс буюу холбоо болж буй. Тус холбоо нь 2017 оноос хойш тасралтгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын чанартай, даацтай тэмцээн уралдааныг зохион байгуулж байна.
Эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн энэ сарын 18-наас 19-нийг дуустал үргэлжлэх бол залгуулаад эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал тэмцээн 20-21-нд зохион байгуулах товтой байна.