
Бурхан багшийн их дүйчин өдөр Гандантэгчинлэн хийдийг зорин очив. Амар амгалангүй энэ ертөнцөд аз жаргал алс холоос биш хамар дороос сонстоно. Аялгуу бүрийн нотыг даган алхсаар хийдийн төв хаалган дээр очиход урдаа цүнх тавьчихсан, 60 гаран насны ганган өвөө лимбэ эгшиглүүлэн сууна. Түүний тоглож буй аялгуу “Есөн эрдэнийн орон”. Хүний хөдөлгөөн үл тасрах төв хаалга, диваажингийн орон шиг сүрлэг агаад эгшиглэнт. Ийнхүү өвөөг хөг эгшгээ түр зогсоомогц мэндийг нь мэдэн ярилцаж эхэллээ.
Түүнийг Гочоогийн Гомбосүрэн гэнэ. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяа, дархан аварга Ж.Мөнхбат гуайтай нэг нутаг гэдгээрээ бахархаж явдаг гэнэ.
Та яагаад энд хөгжим тоглож сууна вэ?
- Би 30 гаруй жил огт тоглоогүй байж байтал хүү маань хятадаас ирэхдээ надад энэ лимбийг өгөөд “Ааваа та миний хуримыг нээж хөгжим тоглоно шүү гэж хэлсэн. Жаахан байсан үр минь ийм том болчхоод надаас тэгж хүсэж байхад би хүслийг нь биелүүлнэ шүү дээ. Тэгээд тоглоогүй удсан болохоор гараа эвлүүлж байгаа юм” гээд нулимсаа залгин суув.
Түүний гар салгалдаг өвчтэй мөн авто осолд ороод групп-д байдаг гэнэ.
Та тэгвэл яагаад 30 жил тоглоогүй юм бэ?
- Тухайн үед хөгжмөөр хоол олох их хэцүү байсан. Ганзагын наймаа хийж баян болох замын сонгосон юм даа.
Тэгээд баян болж чадав уу?
- Юун чадах, бүр хоосроод дууссан. Гэлээ ч их олон зүйлийг сурч авсан юм шүү. Хүн ер нь сэтгэлдээ л гэрэл гэгээтэй байхад бүх зүйл сайхан болно доо.
Та энд олсон мөнгөөрөө юу хийдэг вэ? Амьдралд чинь хүрэлцдэг үү?
- Би олсон мөнгөөрөө хийд рүү орж номын цагаан буянд хандивладаг юм. Амьдрал маань дажгүй сайхан дутах зүйлгүй. Хүүхдүүд маань хэлдэг юм. Ааваа та ингээд суугаад байхаар хүүхдүүд нь тус болдоггүй юм байхдаа тааруухан амьдралтай болоод гуйлга гуйж байна гэж хүмүүс бодно шүү дээ гээд. Тэгэхээр нь би хэлдэг юм. Гадаадад хүмүүс юу чаддагаараа амьдраад болоод л байна шүү дээ. Харин ч гоё. Зүрхэндээ зулын гэрэлтэй, зүүдэндээ лимбэний эгшигтэй амьдарвал аав нь илүү урт насална шүү дээ гээд.
Лимбээ эгшиглүүлээд л нутгийнхаа салхинд исгэрүүлэнхэн суух сайхан биз?
- Ай даа мөн жаргал шүү дээ. Хацар гоо охид нь эргэлдэнхэн бүжээрэй гээд л хачин сайхан шүлгүүд орж ирнэ. Ер нь хүн байгаль урлаг уран сайхан гэдэг чинь ямар их аз жаргал гэж санана.
Та ер нь амьдралыг юу гэж хардаг вэ?
- Амьдарна, амьд явна гэдэг нь өөрөө жаргал юм. Би эмээ, өвөөтэйгөө өссөн. Маш зөвөөр сайхан хүмүүжүүлдэг байсан шүү дээ. Ядаж л усанд сүү цагаа дусааж болохгүй, газар ухаж болохгүй гээд л. Монгол хүмүүжил гэдэг шал өөр. Би одоогийн залуучуудыг үүнээс суралцаасай гэж хүсдэг юм. Зөв амьдарвал амьдрал бүр сайхан.
Энд хөгжмөө тоглоод сууж байхад тань муу хүмүүс таарах уу?
- Хэр барагтаа үгүй. Гэхдээ согтуу нөхөд миний цуглуулсан мөнгийг аваад зугтаах нь амаргүй. Энэ хавийнхан чинь бүгд намайг өмөөрөөд сүйд болно. Лам нар хүртэл их дуртай. Тэгээд би боддог юм буян номын хүмүүс даган баясаж байгаа болохоор би өөрөө сайн үйл хийж байгаа юм байна даа гэж.
Танд баярлалаа. Сайхан түүхээ хуваалцсанд. Дахин уулзахын ерөөл өргөе.
- Баярлалаа. Би эндээ байж л байна шүү.
Түүний эгшиглүүлсэн лимбэний аялгуу зөвхөн хийдийн хашаанд төдийгүй сэтгэлийн орон зайд ч намуухан үлдэнэ. Түүн шиг “зүрхэндээ зулын гэрэлтэй, зүүдэндээ лимбэний эгшигтэй” амьдарна гэдэг амьдралын хамгийн үнэ цэнтэй философи ч байж мэднэ.