
Редакцын бус контент
Зүүн өмнөд ази тэр дундаа Өмнөд Солонгосын зөөлөн хүчний бодлого дэлхий дахинд хүчээ авах болсон. К-поп урсгал Өмнөд Солонгос улсыг өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг энтертаймент гүрэн болгожээ. К-поп хамтлагуудын дуунууд “Youtube”-д тэргүүлж, дэлхийн хөгжмийн зах зээлийн хүчирхэг өрсөлдөгчид болоод байна. Дэлхийн томоохон шоу арга хэмжээнүүд К-поп оддын аль нэг оролцож байж хүн төрөлхтөний анхаарлыг татдаг болжээ.
Гэвч К-поп ертөнцийн цаад амьдрал, уран бүтээлчдийн золиос, амиа хорлолт, эрүүл мэндийн золиос зэрэг хар сүүдэртэй асуудал ч энэ урлагийн шүтэн бишрэгчдийг “байлдан дагуулах” аюул нүүрлэсээр байна.
Монголчууд их эртний К-поп ертөнцийн фэн болчихсон. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл хөгжим, ая дан дээр баясан, нааддаг болсныг хэн хүнгүй мэдэхийн зэрэгцээ манай улсад ирэх К-поп урлагийн төлөөллүүд борооны дараах мөөг шиг олон болж, холын одод дэргэд ирэхтэй зэрэгцээд энтертайнмент шоуг эдийн засгийн хэрэгсэл болгож сурсан солонгосын нөлөө монголын жижиг эдийн засагт хүч түрэн орж ирлээ.
Солонгос одод төдийгүй солонгос жуулчид ч манай улсад ирэхдээ монголд үйлдвэрлэв гэх шошготой ноолуураас өөр юу ч авдаггүйг хэн хүнгүй мэднэ. Солонгос эзэнтэй хоолны газар хооллож, солонгосоос ирэхдээ кимчи, жангаа үүрээд ирдэг нь ч нууц биш.
Харин К-поп одууд нь манай улсад ирэхээрээ солонгосын импортын шар айраг, ус, ундаагаа тоглолтын үеэрээ худалдан борлуулж, ууж хэрэглэн, өөрийн орны брэндүүдийн экспорт, эдийн засгийг дэмжээд буцдаг харин бид хэдэн төгрөгөө тэнд нь тушаагаад л үлддэг.
Дэлхийн соёлд ч нөлөөлсөн К-поп урлаг, түүний одод дэлхийн өнцөг булан бүрт телевизийн шоу, кино, тэр ч байтугай загварын гүйлтийн зам дээр гарч ирсэн. Мөн Хойд Америк болон Европт К-поп улам бүр алдартай болж, шүтэн бишрэгчид нь концертод оролцож, дуртай уран бүтээлчдээ дагадаг. 2000-аад оны сүүлч, 2010-аад оны эхээр К-поп дэлхийн бусад орнуудад, ялангуяа Зүүн Өмнөд Ази болон АНУ-д алдартай болж эхэлсэн. Энэ нь олон улсад хүчтэй фэнүүдтэй Girls’ Generation, Super Junior, 2NE1 зэрэг хамтлагуудын амжилтад ихээхэн нөлөөлсөн. 2012 онд К-рор хамтлагийн PSY-ийн “Gangnam Style” дуу нь шуугиан тарьж, YouTube дээр 3 тэрбум гаруй хандалт авчээ. Энэ дуу нь К-попыг дэлхийн үзэгчдэд хүргэхэд тусалсан бөгөөд дэлхий даяар К-попын нэр хүндийг эрс нэмэгдүүлсэн гэж үздэг.
Харин монголчууд та бид энэ нөлөөнд ум хум автсаар байх уу? өнгө төрхөнд хууртан өөрийн улсын соёлыг гээж, К соёлын нөлөөг хүлээн зөвшөөрч, нэг улсын эдийн засгийн хэрэгсэл болсон оддын өмнө үсчин бүжиглэж, нэг удаагийн хэдхэн цагийн тоглолтод тэрбум тэрбумаар нь орлого оруулсаар байх уу гэдэг монголчуудын сонголт биз ээ.