
Энэ бол Азук. Тэр Монголын анхны нохой, муурын “Best” салоны өнөөдрийн хоёр дахь үйлчлүүлэгч.
Яг л хүмүүс бидэн шиг үсээ засуулж, хумсаа авхуулах, ариун цэврээ сахих дуртай.
Тэгээд харьж эзэнтэйгээ тоглодог.
Харин түүний үсийг засаж байгаа эрхмийг Г.Чагнаадорж гэдэг. “Best” салоны үүсгэн байгуулагч.
Ноход Г.Чагнаадоржоор усанд оруулж, үсээ засуулчихаад нялх хүүхэд шиг баярладаг аж.
Г.ЧАГНААДОРЖ: БИ АНХ ХҮНИЙ ҮС ЗАСДАГ БАЙСАН
Тэрбээр Монголын анхны нохой, муурын салон болох “Best” салоныг арван жилийн өмнө нээж байжээ. Энэ тухайгаа ярихдаа, “Уг нь би чинь үсчин мэргэжилтэй. Хүний үс засдаг байсан гэсэн үг. Мөн хажуугаар нь нохой сонирхоно. Нэг л өдөр энэ хоёр зүйлээ хооронд нь холбож нохойны үс засдаг ажилтай болсон. Нохой гэдэг амьтан зарим хүмүүсийн хувьд хүүхэд шиг нь болчихсон байдаг шүү дээ. Тэгээд л тэдэнд зориулсан ийм үйлчилгээ байвал зүгээр юм байна гэж бодсон юм.
Мөн хажуугаар нь нохой муурын өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Одоогоор 80 өрөөтэй шинэ байр, зургаан сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хэрвээ тэр маань ашиглалтад орчихвол давхар өдөр өнжүүлэхээ ажиллуулаад явах байх. Тэнд нохой сургагч, халамжлагч гээд хоёр хүн ажилладаг. Ингээд бодохоор өөрөөсөө гадна бусдад ажил олгож байгаадаа баяртай байдаг. Өөрийнхөө хобби сонирхлоор хийж байгаа учраас энэ ажил маань надад таатай мэдрэмж төрүүлдэг.
Би өдөрт 10 нохойнд л үйлчилгээ үзүүлдэг юм. Өнөөдөр танайхан хоёр дахь нохойн дээр минь ирж ярилцлага авч таарлаа” гэв.
АЗУК МАШИНД СУУЖ ЧАДДАГГҮЙ “ТРААМААТАЙ”
Азукийг үсээ засуулж байх хооронд түүний эзэн болох дөч эргэм насны эртэй нохойных нь тухай хөөрөлдлөө. Тэрбээр олон нийтийн алба хашдаг, цайныхаа цагаар нохойныхоо үсийг засуулж яваа учраас бичлэгт орохыг хүсээгүй ч Азукийн талаар ийнхүү сэтгэл догдлон ярилаа.
“Азукийн маань нэр их утга учиртай. Түүнийг манай эхнэр лагерь дээр хаягдчихсан байхад нь олсон юм. Гудамжны амьтан байсан гэсэн үг л дээ, хөөрхий. Үс ноос нь ургачихсан, хир, бөөстэй олон гөлөгтэй, нойлын цаас хүртэл иддэг тийм өлсчихсөн ёстой л хачин амьтан байлаа шүү дээ. Бидэнтэй таараагүй бол энэ маань яах байсан юм бүү мэд. Тиймээс азтай амьтан гэж бодоод Азук гэж нэрлэсэн.
Азук маань машинд суухаараа хуцаж, гаслаад айчихдаг. Бодвол өмнөх эзэн нь машинтай л авчирч хаясан байх. Тэгээд л залуусын хэлээр машин сууж чаддаггүй траамаатай болсон байж мэднэ. Манайд ирээд дөрвөн жил болж байна. Хэдий тэгсэн ч гэсэн үсээ засуулаад машиндаа суухаараа зүгээр болчихдог. Энэ хүн намайг хаяхгүй байх гэсэн итгэл төрдөг байх л даа. Ер нь нохдод ч гэсэн сэтгэл байна. Муу хүнд байхгүй тийм сайхан сэтгэл байдаг гээд чи боддоо. Зарим хүнээс сэтгэл ч үнэртэхээ байсан юм бил ээ дээ. Гэтэл Азук маань үнэхээр сэтгэлтэй амьтан” гэлээ.
НОХОЙНЫ ҮС, ХУМС ЗАСУУЛЖ, УСАНД ОРУУЛАХ ҮНЭ 50-100 МЯНГАН ТӨГРӨГ
Нохойны үс, хумс засуулж, оруулахад 50-100 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Г.Чагнаадорж уншигчдад зориулж дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр “Заавал засуулж арчилгаа шаарддаг нохой гэж байдаг. Тиймээс сайн судалж байж нохой худалдан аваарай. Зуны аагим халуун эхэлж байгаатай холбож хэлэхэд нохой ч гэсэн хүн шиг тухгүйддэг. Тиймээс үсийг нь засуулж, усанд оруулж байвал сайн. Усанд орсон нохойнууд тайвшраад унтаад өгөх ч тохиолдол байдаг. Амьтан тэжээнэ гэдэг тоглоом биш. Хариуцлага гэдэг зүйл хаа хаанаа л байх хэрэгтэй. Эцсийн эцэст амьтан тэжээдэг хүмүүсийн зан ааш, харилцаа хүртэл зөөлөн эрүүл байдаг” гэв.
НЭМЭЛТ: Дэлхийн улс орнуудад амьтдыг хайрлах, тэдэнд ээлтэй орчин нөхцөлийг бий болгох, гэр бүлийн нэг гишүүн хэмээн авч үзэх чиг хандлага давамгайлах болсон. Цахим хэрэглээ, сэтгэл зүйн асуудал, ганцаардлаа даван туулахад ч гэсэн амьтдын оролцоо үлэмж их. Тэгвэл тэдэнд зориулсан салоны үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол танд бусад улс оронд ямар байдаг талаарх мэдээллийг хүргэе.
ШИНЭ САНАА: ЯПОНД ҮС ЗАССАНЫ ДАРАА “ФОТО БУЛАНД” ЗУРГАА АВХУУЛДАГ
БНСУ:
- Хэт айдаг, эсвэл дуу чимээнд мэдрэмтгий нохойд зориулсан “one-on-one quiet grooming” үйлчилгээ,
- Камертай өрөө: эзэн онлайнаар шууд ажиглаж болдог.
Франц, Итали
- Эдгээр орнуудад нохойг “стиль” гэдэг талаас нь онцолж:
- Загварлаг хувцаслаж, matching үс засалт хийдэг.
- Сүрчгийн үйлчилгээ, эвгүй үнэрийг дарах цацлага
- Фитнес болон эрүүл мэнд хослуулсан “wellness” үйлчилгээтэй
Япон
- Япон улсад нохойны салонууд яг л хүний гоо сайхны салонтой адил байдаг аж.
- Үүлдэрт нь тохируулсан урлагийн үс засалт хийдэг (жишээ нь “teddy bear cut”)
- Стресс тайлах массаж хүртэл хийдэг
- Үс засалтын дараа “фото булан”-д зургаа авхуулдаг.