
Туркийн Стамбул хотод өнгөрсөн баасан гарагт ОХУ-Украины шууд яриа хэлэлцээ болж өнгөрчээ. Талууд 2022 оноос хойш анх уулзаж байгаа ба уулзалт Туркийн ерөнхийлөгчийн Долмабахче ордонд болсон байна.
ОХУ-Украины хэлэлцээ 2 цаг үргэлжилсэн ба уулзалтад ОХУ-ын талаас оролцсон Ерөнхийлөгч Владимир Путины туслах Владимир Мединскийн мэдэгдсэнээр талууд галаа зогсоох гэрээгээ боловсруулж дууссаны дараа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирчээ.
The Economist сэтгүүлийн сэтгүүлч Оливер Кэрролын мэдээлснээр уулзалтын үеэр В. Мединский ОХУ Украинтай мөнх байлдахад бэлэн хэмээн мэдэгджээ. Тэрээр, “Бид дайтахыг хүсэхгүй байна, гэхдээ жил, хоёр жил, 3 жил гээд шаардлагатай бол хэдэн ч жил хамаагүй байлдахад бэлэн. Бид Шведтэй 21 жил байлдсан. Та нар хэр удаан дайтахад бэлэн байгаа юм?” хэмээн Украины талаас асуужээ. В. Мединский Оросын I Пётр хаан Англи, Францын мөнгөөр Шведтэй байлдаж байсан тухай дурдаж, оросуудтай байлдаагүй бол Швед улс агуу их гүрэн болох байсан хэмээн онцолжээ.
Түүнчлэн Оросын тал Украины Суми болон Харьков мужуудыг эзэлнэ хэмээн сүрдүүлж, Киевээс Луганск, Запорожье, Донецк болон Херсон мужуудаас Украины зэвсэгт хүчнийхнийг гаргахыг шаарджээ. Украины парламентын гишүүн Алексей Гончаренкогийн мэдээлснээр Москва Киевээс Крымийн хойгийг ОХУ-ынх гэж хүлээн зөвшөөрөхийг, Киев дундын байр суурийг баримталж, нутаг дэвсгэр дээрээ бусад улс орны цэргүүд болон үй олноор хөнөөх зэвсэг байршуулахгүй байж, Москвагаас ямар нэг нөхөн төлбөр нэхэхгүй байхыг шаарджээ.
Түүнээс гадна ОХУ 30 хоногоор галаа зогсоох саналыг дэмжээгүй байна. Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровын мэдээлснээр талууд ойрын хугацаанд хоригдол солилцохоор болжээ.
Эх сурвалж: https://meduza.io