
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Бид хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугараас тодрууллаа.
-Хуулийн төсөлд “хар жагсаалт” гэж байхгүй болгох агуулга багтсан юм билээ. Энэ талаар тодруулаач?
-Хар жагсаалтын асуудал өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Үүнийг үнэхээр санхүүгийн харгис ял гэж ойлгож болох юм. Тухайн иргэн зээлийн дүн хамаарахгүй, доголдол үүсээд эргэж төлсөн ч гэсэн хар жагсаалтад ордог. Тэндээ зургаан жил байна. Хар жагсаалтад орсон л бол бусад банк, санхүүгийн байгууллагатай харьцах хаалга нь тас хаагдаж байгаа юм. Энэ тогтолцоо бол үнэхээр хоцрогдсон тогтолцоо. Анх зээлийн мэдээллийн хуулиараа онооны систем рүү орсон улс нь Америк. Үүнийг дагаад дэлхийн бүх л санхүүгийн зах зээл нь хөгжсөн орнууд онооны хувилбар сонгочихсон байгаа.
-Давуу тал нь юу юм бэ?
Үүний давуу тал нь,
- нэгдүгээрт хар жагсаалт гэдэг зүйл байхгүй болно.
- Хоёрдугаарт зээлийн хүү буурах нөхцөл үүсэж байгаа юм.
- Гуравдугаарт зээл авахад заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Үүний шалгуур нь тодорхой хэмжээнд буурах юм.
Бид ярьдаг шүү дээ. Зээл авахааргүй хөрөнгөтэй болж байж, зээлийн эрх үүсдэг тухай шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл оноо нь өөрөө биет бус хөрөнгө болчхож байгаа юм.
Нөгөөтээгүүр иргэд зээл авах банк, санхүүгийн байгууллагаа сонгох боломжтой болчхож байгаа юм. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний мэдээлэл зөвхөн харилцагч банканд л байдаг. Ингээд өөр банкийг сонгож зээл авъя гэхээр, том банкнууд нь тухайн хүний мэдээллийг хуваалцдаггүй. Тэгэхээр тухайн банкныхаа нөхцөлөөр л зээл аваад байгаа юм. Онооны хувилбар луу орчихвол, дурын банк дээрээ очиж оноогоо үзүүлээд зээл авах эрхээ нээлгүүлж болно. Бодит амьдрал дээр таньдаг эдийн засагч хайхаас эхлүүлээд зовлон их байдаг. Энэ зовлон ч байхгүй болно.
-Зээлийн хүү нь яаж буурах вэ?
-Би 28 орны судалгааг харсан. Суурь нөлөөг нь өөрчлөхөөр дагаад зээлийн хүү нь буурдаг тогтолцоо бий. Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийн санал хураалт энэ долоо хоногт болно. Бид хоёр шатлалтай банкны систем үүсгээд 33 жил болж байна. Энэ бол хуучирсан, 1970-1980 онд хүмүүс хэрэглэдэг байсан тогтолцоо. Зээлийн мэдээллийн тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ нь тодорхой түвшиндээ үүргээ биелүүлсэн гэж харж байна. Яагаад гэвэл 4.7 сая мэдээлэл санд цугларсан байгаа юм. Энэ бол хуулийн ач холбогдол. Гэхдээ цаашдаа илүү боловсруулаад онооны систем рүү шилжих ёстой гэж харж байна. “Credit scoring”-ын давуу талыг би өөрөө мэдэрсэн хүн. Том зургаар нь харвал чанаргүй зээлийн түвшин 1.4 нэг хувиар буурдаг юм билээ. Зээлийн хүү нь 2-4 нэгж хуваарь буурах нөхцөл манай улсад бүрдэж байгаа. Анх удаа зээл авах гэж байгаа иргэнд илүү ээлтэй систем болж байгаа юм.
-Хуулийн төсөл дэмжигдвэл одоогийн чанаргүй зээлдэгчид буюу хар жагсаалтад орсон хүмүүсийн мэдээлэл яана гэсэн үг үү?
Хар жагсаалт шууд байхгүй болно. Тухайн иргэн цаг хугацаандаа зээлээ төлөөд эхэлбэл оноо нь ихэснэ гэсэн үг. Доголдол үүсвэл оноо нь буурна. Одоо бол доголдол үүсэх л юм бол зургаан жилийн ял үүрээд байгаа шүү дээ.