
Америкийн тусгай төлөөлөгч Стив Уиткоффын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай өнгөрсөн баасан гарагт Кремльд хийсэн уулзалттай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Москва, Киев хоёр энхийн гэрээ байгуулахад маш ойрхон байгаа талаар мэдэгджээ.
Д. Трамп өнгөрсөн баасан гарагийг хэлэлцээ хийхэд таатай өдөр байсныг онцолсон бол В. Путины туслах Юрий Ушаков АНУ-ын тусгай төлөөлөгч С. Уиткоффын ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай хийсэн уулзалт үр дүнтэй бөгөөд тус дэмтэй болсон тухай мэдэгджээ.
Ю. Ушаковын мэдээлснээр уулзалт 3 цаг үргэлжилж, талуудад Украины дайнаас гадна олон улсад тулгараад буй өөр бусад асуудал дээр байр сууриа нэгтгэхэд нь тусалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп нийгмийн сүлжээндээ талууд энхийн гэрээний гол зүйл заалтууд дээр зөвшилцөлд хүрсэн талаар мөн Москва, Киев хоёрыг дээд түвшний уулзалт зохион байгуулж, гэрээгээ эцэслэн батлахыг уриалжээ.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар Вашингтоны боловсруулсан энхийн гэрээнд одоогийн фронтын шугамыг царцааж, АНУ Крымийн хойгийг ОХУ-ын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч, ОХУ 2014 онд Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэсэнтэй холбоотойгоор Вашингтоны тогтоосон хориг арга хэмжээг үе шаттайгаар сулруулах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Ромын Пап лам Францисын оршуулах ёслолд оролцохоор Ром хотод хүрэлцэн ирэхдээ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ОХУ Крымийн хойгийг авч үлдэхийг дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн байна.
Эх сурвалж: https://meduza.io