
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайвань дахь Монголын төлөөлөгчөөр томилох эсэх асуудал олны анхааралд байна.
Б.Хурц нь олон улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдээрээ баривчлагдаж байсан намтартай. Дараа нь Монгол Улсын гурван шатны шүүхээс, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр 1.6 жилийн ял авсан. Олон улсад төдийгүй Монголд удаа дараа хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүх гэмт хэргийн “эзэн” болсон Б.Хурцыг дипломат албанд томилох тохироо явж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилсон боловч Солонгосын тал татгалзсан юм.
Тодруулбал, Засгийн газраас 2017 оны 11-р сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилуулах саналыг өргөн барьсан ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжээгүй. Хоёр ч удаа түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох саналыг гаргасан боловч Солонгосын хариу ирүүээгүй буюу татгалзаж байв. Учир нь түүнийг хүний эрхийн зөрчилтэй үйлдэл удаа дараа гаргасан гэж үздэг байна. Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт түүнийг буруутган, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан.