
Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхийн САТ-1 хэвшлийн халдвар баруун бүсийн аймгуудад илэрч, мал аж ахуйн салбарт ноцтой эрсдэл үүсгээд байна. Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад бүртгэгдсэн энэхүү халдвар нь зөвхөн малын эрүүл мэндийн асуудал төдийгүй эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, цаашлаад Үндэсний Их баяр наадамд ч нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа юм.
Хэрэв өвчний тархалтыг богино хугацаанд хяналтдаа авч чадахгүй бол Үндэсний их баяр наадмын үеэр малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм үргэлжлүүлэх эрсдэл тулгарч магадгүй болоод байна.
Нөхцөл байдал ийнхүү хурцадсан нь энэ хавар хийгдсэн шүлхийн вакцинжуулалтын үр дүнгийн талаар олон асуултыг дагууллаа. Өмнө нь манай улсад илэрч байгаагүй САТ-1 хэвшлийн вирус яагаад вакцин хийлгэсэн сүрэгт бүртгэгдэв, хаврын вакцин тухайн хэвшлийн эсрэг хамгаалах чадвартай байсан уу, эсвэл дархлаа тогтох үйл явцад асуудал гарсан уу гэдэг анхаарлын төвд байна. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын мэдээлснээр хавар тарьсан вакцины дархлаа тогтоосон эсэхийг одоогоор мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа аж.
Мөн САТ-1 хэвшлийн эсрэг яаралтай арга хэмжээ авах хүрээнд БНХАУ болон ОХУ-аас тус бүр нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжийн вакцинжуулалтыг баруун бүсийн эрсдэлтэй аймгуудад эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ удаа бид Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн Аварга малчин М.Батдэлгэртэй уулзаж, шүлхий өвчний эрсдэл, вакцинжуулалтын ач холбогдол болон малчдын хандлагын талаар ярилцлаа.

Танай аймаг, сумын ойр орчимд шүлхийн тохиолдол бүртгэгдсэн үү?
- Яг манай энэ хавьд бол шүлхий гараагүй байна. Гэхдээ Төв аймгийн Сэргэлэн суманд бүртгэгдсэн гэсэн мэдээлэл сонссон. Өмнө нь алслагдсан бүс нутагт гарлаа гэж сонсогддог байсан бол одоо нийслэлийн ойролцоох сумдад хүртэл бүртгэгдэж байгаа нь малчдын санааг их зовоож байна. Шүлхий гэдэг маш хурдан тархдаг өвчин учраас нэг газар гарахад хөрш сум, аймаг руу дамжих эрсдэл өндөр. Тиймээс бид өдөр тутамдаа мэдээллээ авч, малаа анхааралтай ажиглаж байна.
Малчин хүний хувьд мал, сүрэг нь өвчлөх хүндээр тусдаг уу?
- Тэгэлгүй яах вэ. Малчин хүний амьдрал, орлого, хөдөлмөр бүхэн малтайгаа холбоотой байдаг. Хүн үр хүүхэд нь өвдөхөөр хамгийн түрүүнд эмнэлэг барааддаг шиг малчин хүн ч малаа өвдөхөд хамгийн их санаа зовдог. Өвчилсөн малынхаа төлөө шөнө нойргүй хонож, эмчилгээ сувилгаа хийж, бусад малаас нь тусгаарлаж арчилдаг. Тиймээс мал өвчлөх нь зөвхөн эдийн засгийн бус сэтгэл санааны хувьд ч хүнд.
Энэ хавар туулга, шүлхийн болон бусад вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан уу?
- Манай бүх мал цаг хугацаандаа туулга, вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас товлосон хугацаанд ирж хийдэг. Малчин хүн өөрөө ч үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй. Би гучин жил мал маллаж байна. Энэ хугацаанд вакцин алгасах нь ямар эрсдэлтэйг хангалттай харсан учраас нэг ч удаа вакцинжуулалтаас хоцорч байгаагүй. Өвчин гарсны дараа харамсахаас илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга гэж боддог.
Вакцины чанар, үр дүнд хэр итгэдэг вэ? Малчдын дунд ямар байр суурь давамгай байдаг вэ?
- Миний хувьд вакцин бол малын эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал арга хэмжээний нэг гэж үздэг. Мэдээж вакцин хийлгэлээ гээд өвчин огт гарахгүй гэсэн үг биш ч өвчлөх эрсдэлийг бууруулж, халдвар тархах хэмжээг багасгадаг. Олон жил мал маллахдаа вакцинжуулалтад тогтмол хамрагдсан айл өрхүүд өвчинд бага өртөж байгааг анзаарсан.
Харин зарим малчид “манай хавьд өвчин гараагүй юм чинь вакцин хэрэггүй” гэж бодох тохиолдол бий. Энэ бол буруу ойлголт. Өвчин гарсны дараа вакцин хайхаас илүү гарахаас нь өмнө сэргийлэх нь чухал. Нэг айл вакцинаа хийлгэхгүй байхад зөвхөн өөрийнх нь мал бус ойр хавийн бүх сүрэг эрсдэлд ордог.
Тиймээс вакцинжуулалт бол ганц айлын асуудал бус, нийт монгол түмний мал сүргийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж ойлгох хэрэгтэй. Малчид ч энэ тал дээр улам хариуцлагатай байх шаардлагатай гэж бодож байна.
Өнөөдөр үүссэн нөхцөлд салбар хариуцсан яам, газраас ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байна вэ?
- Шүлхий гэдэг нэг суманд гараад зогсчихдог өвчин биш, малын шилжилт хөдөлгөөнөөр маш хурдан тархдаг. Тиймээс малын хөдөлгөөнд хяналт тавих, өвчний голомтыг яаралтай хумих нь чухал байна. Энэ ч чиглэлээр хэдийн арга хэмжээ аваад эхэлсэн байна лээ. Мөн вакцины нөөцөө шуурхай бүрдүүлж, эрсдэлтэй бүсийн бүх малыг цаг алдалгүй хамруулах шаардлагатай. Зөвхөн вакцин нийлүүлэхээс гадна тухайн вакцины чанар, дархлаа тогтоох чадварыг давхар хянах хэрэгтэй гэж бодож байна. Малчдад мэдээллийг цаг тухайд нь хүргэж, ямар нөхцөл байдал үүсээд байгааг нээлттэй тайлбарлах нь бас чухал. Мэдээлэл дутмаг байвал цуурхал их гардаг шүү дээ.
Монголд өмнө нь бүртгэгдээгүй САТ-1 хэвшил илэрсэн тухай сонсоод малчдын дунд ямар яриа өрнөж байна вэ?
- Малчид их анхааралтай ажиглаж байгаа. Урьд нь гарч байсан шүлхийгээс өөр хэвшил гэсэн мэдээлэл гарахаар хүмүүсийн санаа зовж байгаа нь мэдээж. Ялангуяа хавар вакцин хийлгэсэн малд халдвар илэрсэн гэх мэдээлэл сонсогдоод ирэхээр вакцины талаар асууж, сонирхож эхэлсэн. Гэхдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад шууд буруутгах нь зөв биш байх. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь нарийн тогтоож байж дүгнэлт хийх ёстой.
Хэрэв шүлхий төвийн бүс рүү өргөн хүрээнд тархвал малчдад ямар хүндрэл учрах вэ?
- Хамгийн түрүүнд малын худалдаа, шилжилт хөдөлгөөн хязгаарлагдана. Мал, махаа зах зээлд гаргаж чадахгүй болох эрсдэл бий. Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор мал худалдан авах, худалдах асуудал ч хүндрэх байх. Үүнээс гадна нэгэнт өвчин гарсан бүс нутгийн малчид олон сар хөл хорио, хязгаарлалтад ордог. Энэ бүхэн малчин бидний амьжиргаанд шууд нөлөөлнө.
Малчдад хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
- Юуны өмнө вакцинжуулалт, туулгадаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Зарим хүн “манай нутагт өвчин гараагүй” гэж хойрго ханддаг. Гэтэл өвчин гарсны дараа арга хэмжээ авах хэцүү байдаг. Мөн малаа тогтмол ажиглаж, шүлхийн шинж тэмдэг илэрвэл нуухгүйгээр шууд малын эмчид мэдэгдэх нь чухал. Нэг айл мэдээллээ нуулаа гэхэд олон айлын сүрэг эрсдэлд орно. Мэдээж анхаарал татахуйц нөхцөл байдал гэж харж байна. Өмнө нь бүртгэгдээгүй хэвшил илэрсэн гэдэг өөрөө том дохио. Гэхдээ төр, мэргэжлийн байгууллага, малчид гурвуулаа хариуцлагатай ажиллаж чадвал тархалтыг хяналтдаа авах боломж бий. Хамгийн гол нь цаг алдахгүй байх хэрэгтэй. Шүлхийтэй тэмцэхэд нэг өдөр ч үнэтэй байдаг юм.
Олон улсад энэ төрлийн шүлхий бүртгэгдсэн байдал:
Шүлхийн САТ-1 хэвшил нь дэлхийд цоо шинэ өвчин биш боловч сүүлийн жилүүдэд уламжлалт тархалтын бүсээсээ хальж, олон улсын хэмжээнд анхаарал татах болсон хэвшил юм. Өмнө нь голчлон Африкийн орнуудад бүртгэгддэг байсан САТ-1 вирус 2025 оноос эхлэн Ойрхи Дорнод, Баруун Ази, Хойд Африкийн хэд хэдэн улсад тархаж эхэлсэн бөгөөд Ирак, Иран, Азербайжан, Турк, Израиль, Ливан, Кипр, Грек зэрэг орнуудад бүртгэгдсэн талаар олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагууд мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шүлхийн вирусын эсрэг дархлаа нь хэвшил тус бүрээр ялгаатай байдаг бөгөөд нэг хэвшлийн эсрэг хийсэн вакцин нөгөө хэвшлийн эсрэг бүрэн хамгаалалт үзүүлэхгүй байх эрсдэлтэй аж. Иймээс шинэ хэвшил илэрсэн тохиолдолд тухайн вирусын омогт тохирсон вакцин ашиглах шаардлага гардаг байна.
Харин олон улс орнууд САТ-1 болон бусад шүлхийн дэгдэлтийг дарахдаа ижил төстэй арга хэмжээ авч иржээ. Үүнд халдвар илэрсэн бүсэд хорио цээр тогтоох, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тандалт шинжилгээг өргөжүүлэх, эрсдэлтэй бүсийн малыг яаралтай вакцинжуулах, шаардлагатай тохиолдолд халдвар авсан сүргийг бүрэн тусгаарлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. 2025 онд Унгарт гарсан шүлхийн дэгдэлтийн үед малын хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тогтоож, халдвартай сүргийг устган, өргөн хүрээний ариутгал халдваргүйтгэл хийсний үр дүнд өвчний тархалтыг зогсоож чаджээ.
Мөн Европын холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас САТ-1 хэвшлийн тархалттай холбоотойгоор улс орнуудад эрт сэрэмжлүүлэг өгч, хил дамнасан тандалт, бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа юм.
Тиймээс Монгол Улсад шинээр бүртгэгдсэн САТ-1 хэвшлийн халдварыг богино хугацаанд хяналтдаа авах нь зөвхөн мал аж ахуйн салбарын асуудал бус экспорт, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаатай холбоотой үндэсний хэмжээний сорилт болоод байна.
Аймгийн аварга малчин М.Батдэлгэр: “Нэг айл вакцинаа хийлгэхгүй байхад олон айлын сүрэг эрсдэлд ордог. Мал өвдөхөд малчин хүн үр хүүхэд нь өвдсөн мэт санаа зовдог. Өвчин гарсны дараа харамсахаас илүү гарахаас нь өмнө сэргийлэх нь хамгийн зөв арга”








