
АНУ энэ лхагва гарагаас БНХАУ-ын импортын барааны татварыг нэмэгдүүлж, нийт 104 хувийн татвар тогтоож эхлэх талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт мэдэгджээ.
Цагаан ордны зүгээс Бээжин мягмар гарагийн үд дундаас өмнө АНУ-ын импортын бараанд тогтоосон 34 хувийн татвараа цуцлахгүй бол Хятадын импортын барааны татварыг 50 хувиар нэмэгдүүлнэ хэмээн анхааруулсан билээ.
Америкийн хөрөнгийн биржийн индексүүд Цагаан ордноос хийсэн мэдэгдлийн дараа дахин унасан байдалтай байна. 4 хувьтай байсан Dow Jones индекс 1 хувь болтлоо буурч, 3.4 хувийн өсөлттэй байсан S&P 500 Хятадын импортын барааны татвар дахин нэмэгдэж буй талаарх мэдэгдлийн дараа 0.6 хувь болж буурсан байна.
Д. Трампын татварын нэмэгдэлтэй холбоотойгоор зарим улс орнууд АНУ-тай импортын татварыг бууруулах асуудлаар худалдааны хэлэлцээ хийх хүсэлт гаргаад байгаа билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын түнш гэгдэх болсон тэрбумтан Илон Маск Д. Трампаас импортын бараанд оногдуулсан татвараа цуцлахыг хүссэн талаар америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.