
Оюуны спортод Монголчууд дэлхийн чанадад амжилт, ялалтаа дуурсгасаар явна. Иймдээ ч Олон улс, Дэлхийн тавцанд Монгол тамирчдыг оюуны бядтай хэмээн шагшицгаадаг.
Саяхан Европын төв бүс тэр дотроо Серби улсад Сурагчдын шатрын ДАШТ болж өндөрлөсөн. Сурагчдын шатрын ДАШТ-нээс
Медаль хүртсэн шатарчдын нэрс болон амжилтыг танилцуулъя:
- Охидын 17 насны ангилалд ОУШХ-ны Дэд Мастер буюу WCM цолтой Б.Буянхишиг илт давамгай өрсөлдөгч нараа илүүрхсээр, түрүүлэн Дэлхийн хошой аварга болов. Тэрбээр 13 настай хэдий ч ДАШТ-ий 17 насны ангилалд дөрвөн насаар дээш өгсөж оюун ухаанаа сорьжээ.
- Охидын 11 насны ангилалд ОУШХ-ны Дэд Мастер буюу WCM цолтой Ч.Нандинжигүүр Дэлхийн аварга болсон.
- Охидын 9 насны ангилалд Ш.Уранзаяа Мөнгөн медаль хүртлээ. Тэрээр анх удаа Олон улсын тэмцээн тэр дундаа Сурагчдын шатрын ДАШТ-ээс анхны тодотголтой медалиа зүүсэн нь энэ ажээ.
- Охидын 11 насны ангилалд Д.Мөнх-Аялгуу Хүрэл медаль хүртжээ.
Ингээд бид “Стейниц” шатрын академийг зорьж, “Серби-2025” дэлхийн аварга Чинзоригийн Нандинжигүүртэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Дэлхийн аварга цол хүртсэнд нь баяр хүргэе. Хамгийн хүнд, хэцүү өргийг аль орны шатарчинтай нүүсэн бэ?
-Баярлалаа. Охидын 11 насны ангилалд дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. Тэмцээний хамгийн хүнд өргийг Казахстан улсын тамирчин, мөн Энэтхэг улсын тамирчинтай хийсэн.
-Сурагчдын шатрын ДАШТ-д хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Дэлхийн аваргын тэмцээнд нийт 4 удаа оролцсон. Гуравт нь медаль хүртээд ирсэн. Нэгд нь хараахан медаль зүүж чадаагүй.
-Саяны тэмцээнд өрсөлдөгч нараас нь гоц гойд анхаарлыг татсан тоглолттой шатарчин байв уу?
-Тэмцээний 9 дүгээр өрөг дээр Америкийн охинтой тоглоод, тэр охины тоглолт нь тактиктай санагдсан. Гэхдээ тооцоо нь жаахан сул санагдсан.
-Шатар тоглоход юу таалагддаг вэ? Яг ямар нүүдэл нь Ч.Нандинжигүүрийг өөртөө дурлуулдаг вэ?
-Би шатраа тоглохдоо ер нь бодож нүүдэг. Тэгээд тоолоод л. Яг тоолсон нүүдлээ л нүүгээд явдаг. Би анх шатрыг 4 нас хүрч байхдаа тоглож эхэлсэн. Нийт 6 дахь жилдээ тоглож байна.
Шатраа маш гоё ойлгож тоглоод, тэгээд өргөө тоглох нь гоё санагддаг.
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай гэр бүлд хоёр ах волейболын спортоор хичээллэдэг. Манай том ах волейболын тэмцээнд оролцоно гээд зочид буудалд байрлахаар явчихсан.
-Энэ академидаа хэдэн жил шатраар хичээллэж байна вэ? Тэмцээний өмнө судалгаа хийдэг үү?
-“Стейниц” академид хоёр жил суралцаж байгаа. Би тоглохоосоо өмнө гайгүй судалгаа хийдэг.
-Та бүхнийг ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Одоо энэ оны 5 дугаар сард Дубай явна. Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д оюун ухаанаа сорино.
Ярилцсанд баярлалаа.

ОУШХ-ны Дэд мастер, 2025 оны Дэлхийн аварга Ч.Нандинжигүүрийн амжилтыг танилцуулъя:
- 2024 оны 9 насны Дэлхийн аварга
- 2025 оны 11 насны Дэлхийн аварга