
Иргэдэд мэдээлэл дамжуулах үеэр зодолдох, хувийн хандлагаараа олон нийт рүү давшлах, доромжлох, чуулганаа таслах, шүүхийн шийдвэр гэм бурууг нь тогтоочхоод байхад өөрийгөө өмөөрч, “ширлэх” гэх мэт ордон тойрсон асуудлууд иргэдийг бухимдуулж байна.
Тодруулбал,
- Х.Баттулга тэргүүтэй гишүүд УИХ-ын намрын 11 удаагийн чуулганы долоод нь суугаагүй.
- М.Нарантуяа-Нара гишүүн хэт хувийн хандлагаар ёс зүйгүй авирладаг.
- Хөгжлийн банкны хэргээр ял авсан нь дээд шүүхээр тогтоогдчихоод байхад, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэж гүрийх Д.Цогтбаатар гишүүн.
- Хоорондоо зодолдож, буруутай буруугүй гэж “мэтгэлцэх” П.Наранбаяр, Б.Найдалаа нарын асуудал ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж бухимдлыг төрүүллээ.
УИХ бол ард түмнийг төлөөлөх хариуцлагатай алба. Тэд ёс зүйн алдаа гаргаж, олон нийтийг доромжилсныхоо хариуд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгвэл энэ мэт үйлдэлд иргэд ямар байр суурьтай байгаа талаар болон ёс зүйн зөрчил гаргасан гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн Х.Баасанжаргалаас тодрууллаа.
ЗАРИМ ГИШҮҮДИЙН ТӨЛӨВШӨӨГҮЙ БАЙДАЛ ТЭНЭГ САНАГДДАГ
Иргэд:
- Их хурлын гишүүн болж орж ирчхээд, шоронгоор яваад л. Үүнийг цуцалж өгөөч ээ гэнэ. Ичих булчирхай гэж хүнд уг нь байдаг шүү дээ. Ард түмний төлөө сонгогдсон улсууд, ард түмнээсээ ичиж ажил хиймээр байгаа юм. Би Д.Цогтбаатар гишүүнийг хамгийн ёс зүйгүй гэж харж байна. Ичихгүй Хөгжлийн банкийг дампууруулчхаад, “одоо би шоронд орох гээд байна. Намайг гаргаад аль” гэдэг. Мань мэтийг бол аль хэдийн шоронд хийчихсэн байгаа.
- Гудамжинд явж байгаа юм шиг аашилдаггүй байгаасай гэж хүсэж байна. Ирээдүйд гарч ирэх хүүхдүүд би гишүүн болчих юм бол, улс төрч болчих юм бол хүссэнээ хийгээд байж болдог юм байна гэдэг хандлагыг түгээж буй л асуудал шүү дээ. Ажлаа чухалчилж бодохгүй, юм хийх биш, нэр зүүх гэж орж ирсэн хүмүүс юм болов уу гэж боддог.
- Миний хувьд зарим гишүүдийг ямар тэнэг хүмүүс вэ л гэж боддог. Төлөвшөөгүй, том болоогүй хүмүүс шиг санагддаг. Манай ангийн хүүхдүүд хичээлээсээ хоцрох юм бол, ангид хэрэгтэй байгаа зүйлс авхуулдаг. Хичээл дээр зодолдох юм бол анги цэвэрлүүлж, сургуулийн ажил хийлгүүлээд ямар нэгэн шийтгэл өгч хариуцлага хүлээлгэдэг. Их хурлын гишүүдэд хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь сонин санагддаг.
- Муудалцаж, зодолдсоноо ярьдаг түвшинд байгаа нь харамсалтай байна. Хариуцлага тооцох ёстой. Бүхэл бүтэн ард түмнийг төлөөлж сонгогдсон. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү дээ.
Д.ЦОГТБААТАР ГИШҮҮНД АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ
Харин асуудалтай холбоотой талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн Х.Баасанжаргал дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, “Х.Баттулга гишүүнтэй холбоотой ёс зүйн асуудлыг би мэдэхгүй байна. Байнгын хороон дээр энэ асуудал одоогоор орж ирээгүй. Харин М.Нарантуяа-Нара гишүүн үндсэн ажлынхаа хажуугаар худалдаа, арилжааны шинжтэй үйл ажиллагаа явуулдгийг ёс зүйн зөрчил мөн байна гэж үзээд, Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулах арга хэмжээ авсан. Д.Цогтбаатар гишүүний тухайд ёс зүйн зөрчил гэхээс илүү хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Албадлагын арга хэмжээ авах ёстой.
Харин зодоон хийсэн хоёр гишүүний тухайд,өөрсдөө тайлбараа хэлэх байх. Ёс зүй дэгийн байнгын хороогоор энэ асуудал орж ирээд, хэлэлцээд, ёс зүйн зөрчил гэж үзэх юм бол шийдвэрээ гаргана. Хуулийн хүрээнд гурван төрлийн хариуцлага хүлээлгэдэг. Нээлттэй сануулах, хаалттай сануулах, цалингийн тодорхой хувиас хасах гэсэн гурван төрлийн сахилгын шийтгэл бий” гэв.