
Хуучны цагт биллиардыг хүмүүс чөлөөт цагаараа л тоглодог байж. Харин одоо шинэ үе, орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах ёстой гэдгийг Ази тивдээ төдийгүй Дэлхийн тавцанд амжилт, ялалтаараа гайхуулж яваа Монгол бүсгүйчүүлийн төлөөлөл бол Б.Нарантуяа юм. Түүний 2025 онд тивдээ үзүүлсэн гайхам амжилт бол Снукер биллиардын Ази тивийн АШТ. Нэг ч хожигдолгүй түрүүлэн тэр дундаа Хонгконгийн хэзээд босоо байдаг аваргыг хожиж, ялалт байгуулсан нь гайхам байлаа.
Баярсайханы Нарантуяа Ази тивийн аваргын цом энэ төрөлдөө өргөсөн Монгол улсын анхны тодотголтой тамирчин болсон нь түүх болов.
Ер тэгээд эмэгтэйчүүд аливаа зүйлдээ тууштай, зорилготой, тэмүүлэлтэй, хэзээд галтай, цогтой дайчин, шантрашгүй чанартай байдаг. Ийм л учраас би эмэгтэйчүүдэд хайр хүндэтгэл төрдөг юм.

“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн хойморт Снукер биллиардын Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пүүл биллиардын тивүүдийн АШТ-ий мөнгө хүрэл медальт Б.Нарантуяаг хүндэтгэн урилаа.


-Сайн байна уу? Юуны өмнө Ази тивдээ аваргын амжилтаараа Монгол улсаа тивдээ төдийгүй дэлхийд таниулан анхны тодотголтой бахархам амжилт үзүүлээд ирсэнд нь баяр хүргэе.
-Сайн байна уу. Маш их баярлалаа. Ази тивийн аварга болсондоо маш их баяртай байна. Чансаа өндөртэй тамирчидтай өрсөлдөж Ази тивийн аварга боллоо. Гэхдээ нэг онцлог нь нэг ч хожигдол аваагүй амжилтаараа рекорд тогтоосон гэх үү дээ.
-Зөвхөн дан улааны төрөлд аваргаллаа. Аваргын төлөө өрсөлдсөн Хонгконгийн тамирчин шаггүй өрсөлдөгч гэж сонссон?
-Тийм. Зөвхөн улааны төрөлд тэр дундаа Хонгконгийн нэрт тамирчинтай өрсөлдөж, аваргыг ялж аварга болло. Ер нь аваргын төлөө Хонгконгийн тамирчин дэлхийдээ арав гаруй удаа аваргалсан. Өмнө нь бид хоёр учраа таараад, нэг хожигдоод нэг хожчихсон байсан. Сая тухайн тамирчинтай таарсан гурав дахь тоглолт. Миний давуу байдлаар алтан медаль хүртсэн.
-Спортын төрөл бүрийн онцлог, ялгаа их. Тэр дундаа сонгосон төрлөөрөө тууштай хичээллэнэ гэдэг нь тухайн тамирчнаас асар их зориг тэвээр, тэсвэрийг шалгах байх?
-Хамгийн гол нь спортын тамирчин болохоор зорьсон бол тууштай л хичээллэх хэрэгтэй. Олон саад бэрхшээл, өндөр даваа бий. Биллиард чинь бас их зориг тэвчээр, ухаан зарсан спорт л доо. Одоо хүн харахад шарикаа маш сайн цохиж оруулаад буй мэт боловч цохилт хийж байгаа хүнээс бол маш их, авьяас билиг шаарддаг байхгүй юу. Тэгээд тамирчин тэр ширээтэйгээ л ажиллана. Тэр шариктайгаа л ажиллана, түүнээс өрсөлдөгч хэн байх нь бараг ерөөсөө хамаагүй. Та яг урд шарикаа оруулаад л хийгээд л яваад байх юм бол хожино гэсэн үг. Амжилт үзүүлэх нь хувь хүнээс маш их шалтгаална. Дээрээс нь шийдвэрлэх мөчид тэр шарикыг хэн оруулж чадаж байна тэр л хүн хожлыг авдаг. Биллиардын спорт маш их чадвар шаарддаг л доо. Нэмээд хэлэхэд маш их тактик, ур чадвараа тултал ашиглана. Сонирхолтой байдлаар жишиж хэлвэл “Шатар” юмуу даа.


-Дараагийн тэмцээн уралдааны тухайд?
-Үнэхээр мэргэжлийн тамирчин болоё хэмээн зорьсон бол нэг удаа үзүүлсэн амжилтандаа хэзээ ханаж боломгүй. Азийн аварга болчихсон чинь дэлхийн аварга болох хүсэл мөрөөдөл маань бүүр илүү оргилж байгаа. Бүр их өөртөө итгэлтэй болчихсон. Хамгийн гол нь одоо надаас л шалтгаална шүү дээ.
-Биллиард дотроо снукер, пүүл зэрэг олон төрөлтэй. Таны хувьд бүх төрлөөр чадварлаг тоглож чаддаг “хөрвөх чадвартай тамирчин”?
-Миний хувьд аль алийг нь тоглож чаддаг, дээрээс нь боломжтой үедээ холиод л, ингээд л тоглож байдаг юм. Бүх төрлийг нь тоглож чаддаг болохоор нэг ёсондоо аль ч тэмцээнд аль ч төрлөөр нь орсон илүү хөрвөх чадвартай байдаг гэсэн үг л дээ./инээв/
-Хэрхэн яаж яваад биллиардын спортыг сонгох болов?
-Намайг бага байхад аав маань биллиард тоглодог байлаа. Ер нь тэгээд л аавтайгаа цуг дагаж яваад, биллиардын спортод гүн дурласан даа. Хамгийн гоё нь тэр олон эрчүүд дунд ороод охин хүүхдээ тоглоход аав, ээж маань дургүйцэж байгаагүй. Маш их дэмждэг байлаа. Тиймээс л өнөөдрийн Б.Нарантуяаг аав, ээж хоёр маань бүтээсэн гэх үү дээ. 10 гаруй жил энэ спортоор тууштай хичээллэж байна.
-Одоо амьгүй бухыг мөн шарикийг яг мэргэжлийн тамирчны түвшинд удирдана гэхээр сонирхол татаад байх юм. Үүнийг хэрхэн юу гэж илэрхийлэх вэ?
-Шарикнуудаа удирдана гэдэг нь би энэ бухыг тийш нь цохиод, шарикаа оруулаад л, тэгээд бухаа энд зогсоо гээд л надад хэлнэ шүү дээ. Тэгэхэд би бухаа авчраад заасан газарт нь авчраад зогсоож чадвал энэ чадвар дээрээс нь миний хэрэглэж байгаа цохиур хэрэглэлийн бүх цогц зүйл төгс хэрэг нь гарч байна гэсэн үг. Хэчнээн надад чадвар байгаа ч гэсэн цохиур нь болохгүй байвал амжилт үзүүлэх нь тун бага гэсэн үг. Хэрэглэл материал өөрийн гарт орчихсон, маш сайн зохицдог байх нь чухал.
Энэ тал дээр нэмээд хэлэхэд манай “Элит” клубын захирал Б.Энхтүвшин ах маань Олон улстай хөл нийлүүлэн алхаж, сүүлийн хэрэглэл, материал оруулж ирдэг. Энэ талаараа намайг маш их дэмждэг учраас надад амжилт үзүүлэх гол түлхэц суурь нь материал, хэрэглэл чанартай байх нь маш чухал байдаг.


-Хэзээнээс элит одоо снукер клубтэй холбогдчихов?
-Миний хувьд энэ клубтэйгээ холбогдоод бараг 10 орочим жил болсон байх. Хамгийн анх 2022 онд Азийн аварга болон Дэлхийн аваргын тэмцээн болж байсан. Тэгээд тэр тэмцээнд манай “Элит” клубийн захирал Б.Энхтүвшин ах маань хоёулаа нэг снукерийн тэмцээнд орж үзвэл яасан юм бэ? Нэг л боломжтой санагдаад байх юм гээд тэгээд л энэ төрөлдөө өрсөлдөж эхэлсэн дээ. Тэгээд л энэ клубээсээ захиралтай хамт байж, тэмцээн уралдаад л идэвхтэй оролцон, хаана ямар боломж байна тэрийг ашиглаж явсаар өдийг хүрч байна даа.


-Цохьсон шарикаа оруулаад л оноо авлаа. Тухайн үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ер нь яг тэмцээнд оролцож байхад хамгийн хэцүү шарик цохиж оруулаад л, оноо аваад тоглох чинь аймаар гоё шүү дээ. Эсвэл амархан шарик дээрээс хэцүү, тавилттай шарикийн ард бухаа зөөх, авчрах гээд л ер нь энэ спортын техник, урр чадварууд маш гоё кайфтай кайфтай. Ер нь шууд гараараа цохихгүй байгаа ч гэсэн цаагуураа энэ шарикаараа эсрэг тамирчиндаа сэтгэлзүйн дарамт үзүүлэх цохилт өгөөд байна шүү дээ. Тэр нь бас маш зэвүүн гэх юм уу./Инээв/
Ер нь биллиард тоглоход маш их тархи ажилладаг, бүүр дээд хэмжээндээ ачаалалтай ажилладаг. Сэтгэлзүйгээ маш сайн удирдаж, өндөр түвшинд тогтмол бэлтгэж байх нь чухал.
-Спортын аль ч төрлийн тамирчин хүн сахилга бат сайтай байх чухал. Өөрийн тань хувьд хувь хүнийхээ ааш зан, биеэ авч яваа байдал, ер нь сахилга бат гэж яг юу вэ?
-Миний хувьд айлын отгон хүүхэд. Нэг ах, нэг эгчтэй. Тэгээд ээж аав маань бол нэлээн эрхлүүлж дураар нь өсгөсөн хэдий ч яг хувь хүн талаасаа зөв хүн байх юм сан л гэж боддог. Хүн чанартай, зөв л хүн байхыг эрмэлзэж явдаг даа. Спортыг тэмцээнд оролцоход эхлээд хожигдож сурч байж, хүн дараа нь өрсөлдөгчөө хождог болно. Гэхдээ ямар ч хүн ер нь шартай байдаг шүү дээ. Миний хувьд бол зөв шартай байх ёстой юм уу даа л гэж боддог. Би яг 12 настайгаасаа биллиард тоглож сурсан. Яг мэргэжлийн тамирчин болох замналаа 2013 оноос хойш эхлүүлсэн дээ.
Анх намайг эршүүд болохоор жүдо, боксоор хичээллэ гээд хичээллэж үзсэн. Гэхдээ бэртэл авсан учраас тэр хоёр төрлийг орхисон. Тэгээд л ер нь биллиардыг сонгосон доо. Одоо ингээд бодоод, эргээд харахаар ер нь тууштай, шантрашгүй, тэвчээртэй, зоригтой, зорилготой зан чанар төдийгөөс өдий хүртэл биллиардын спорттой холбож явж байна.


-Аливаа спортод амжилт үзүүлнэ гэдэг нь дэмжиж тусалдаг, үргэлж ар талд байдаг хүмүүсийн, багийн түлхэц гол нөлөө үзүүлдэг. Таны нэг хэсэг болод ард нь дэмжиж, тусалдаг хүмүүсийн тухайд?
-Яг энэ спортын замналыг эхлүүлээд явахад маш олон хүн дэмжсэн. За ингээд л урагшаа тэмцээнд нэг удаа явахад хүртэл, миний дүү сайн яваарай гээд л 100 мянга, 20 мянган төгрөг ойр дотны хүмүүс амжилт хүсээд өгдөг. Тийм хүмүүсээр хүрээлэгдсэнд маш их баярладаг. Эхлэх цэгээс өдийг хүртэл дэмжиж буй, аав, ээж, гэр бүлийнхэн тэр дундаа “Элит” клубын захирал Б.Энхтүвшин ахдаа, найз нөхдөдөө, намайг дэмждэг бүх л хүмүүст чин сэтгэлээсээ маш их баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Та бүхний ач тус, миний амжилт гаргаад сайн сайхан явахад их байдаг шүү гэж хэлье.
Мөн та бүхэнд их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Ярилцсанд баярлалаа.