
Энэ сарын 21-ний шөнө Украины зэвсэгт хүчин Крымийн хойг дахь Керчийн хоолойн гарам, Кавказ болон Керчийн далайн боомтуудад дроны цохилт үзүүлжээ.
Украины уг дроны цохилтын улмаас 4 хүн амь үрэгдэж, 28 хүн шархдаж, Керчийн хоолойн гармын хөдөлгөөн зогсжээ.
“Крымэнерго” компанийн мэдэгдсэнээр Крымийн хойгийн зарим хэсэг цахилгаан сүлжээнд гарсан гэмтлээс болж тоггүй болсон байна. Гэмтлийг засах хүртэл Крымийн хойгийн оршин суугчдад эйр кондишн ашиглахгүй байх, шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөжээ.
Түүнчлэн Керчь, Феодосия, Бахчисарай хотуудад орон сууцуудын усыг тасалжээ.
Севастопольд тог хязгаарлах хуваарь гаргаад байгаа бол 21-ний өглөөний 09:00 цагаас эхлэн Крымийн хойг дахь шатахуун түгээх станцууд бензин олгохоо зогсоожээ. Бензинийг зөвхөн төрийн байгууллагуудын автомашинуудад олгох аж.
Эх сурвалж: BBC








