
Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо нээлтээ хийлээ.
Аяны багийнхан өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт гурван өдрийн турш амжилттай ажиллаж 3789 иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд ийнхүү энэ удаад Завхан аймгийн иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Завхан аймагт болсон нээлтийн үйл ажиллагаанд ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудорж, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл нар оролцож, иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” Завхан аймагт 2026 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Улиастай хот болон сумдаас ирсэн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээлэлд хамруулж ажиллах юм.


Энэ жил “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Завхан аймагт хоёр дахь удаагаа ажиллаж байгаа юм. Тус аян өмнө нь 2023 онд Завхан аймагт хэрэгжиж, давхардсан тоогоор 5,000 гаруй иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулсан билээ.


Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк








