
Эрх баригчид сонгуульд ялах гэж улайрахдаа алтан гургалдай шиг донгодоод, ялсныхаа ард, хар хэрээ шиг гуаглан иргэдийг тархидсаар удлаа. Хаа сайгүй хөл толгойгоо олж ядсан тогтворгүй байдал ноёрхож байгаа нь нууц биш.
Эрчим хүч тэргүүтэй салбарт шинэчлэл хийнэ, дутагдлаас ангижруулна хэмээн эрх баригчид амлаад есөн оныг үдсэн. Гэсэн ч олон жилийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө хэдхэн цагийн хуралдаанаар няцааж болдгийг энэ долоо хоногт харууллаа. Тодруулбал, лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Ард иргэд ямар нэгэн үнэ нэмэгдүүлэх, татвар, төлбөр нэмэх талаар санаа зовох зүйлгүй. Татвар, төлбөр нэмдэг байдлыг Засгийн газраас хориглох шийдвэр гаргасан гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдсэн. Асуудалтай холбогдуулан эдийн засагчид байр сууриа илэрхийлэв.
ХУВИЙН ХЭВШЛҮҮД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ТЭЛЭХЭД МАШ ХҮНД БОЛЛОО
Банк, санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг:
2023 онд төсвийн орлого давж биелсэн тул 2024 онд өмнөх жилээсээ эдийн засаг нэлээн өсөлттэй дүнтэй гарсан. 2025 ондоо энэ түвшинд барина гэдэг маш хүндрэлтэй. Дээрээс нь нүүрсний салбар төрийн оролцоо харьцангуй өндөр байдаг. Гэтэл бусад экспортын түүхий эд дээр төрийн оролцоо маш бага. Мэдээж Монголбанк алт олборлохгүй. Олборлосон алтыг л худалдаж авч байгаа. Тэгэхээр Засгийн газар алтны экспортоо нэмнэ гэж байгаа нь өрөөсгөл. Мөн эдийн засгийн өсөлтийг нэлээн өндөр хувьтай гарна гэж төсөөлсөн байгаа. Энэ өндөр хувь байх уу, үгүй юу гэдэг асуудал мөн. Дээрээс нь геополитикийн асуудлууд бий. Хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ тэлэхэд маш хүнд боллоо. Тэгэхээр эргээд 2025 оны төсөвт татварын орлогууд тасрах эрсдэл байна. Дээрээс нь Засгийн газар бүх төрлийн татвар, хураамжаа нэмэхгүй гэж зарласан. Тэгэхээр нэмэлтээр олох байсан орлогууд нь орж ирэхгүй. Тиймээс төсөв тасалдахгүй гэхэд хэцүү.
НҮҮРСНИЙ ҮНЭ 30 ОРЧИМ ХУВЬ БУУРСАН БАЙХАД, ТӨСВИЙН ОРЛОГЫГ ХЭТ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛӨХ НЬ БУРУУ
Банк, санхүүгийн академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам:
Жилд 18 тонн алтыг Монголбанк худалдаж авч байгаа. Энэ тоо жил ирэх тусам л буурч байна. Яагаад гэхээр төрөөс геологийн лицензүүдийг олгохгүй байна. Уул уурхайн лицензтэй холбоотой асуудлууд их гардаг. Энэ нь алт олборлодог хүмүүст хүндрэлтэй байдал үүсгэдэг. Нөгөө талдаа зэсийн үнэ өсөлттэй байна. Нүүрсний үнэ 30 орчим хувь буурсан байхад, зэсээс тийм хэмжээний орлого олно гэж хэт өөдрөгөөр төсөөлж байгаа нь буруу. Яагаад гэхээр Чили улсын хувьд төсөв батлахдаа урт хугацааны дундаж үнэ тарифаар тооцон төлөвлөдөг. Манайд бол богино хугацааны үнийн динамик дээр суурилж төсөөлж байна.
ОЛОН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ НЭГ ӨДРИЙН ХУРАЛДААНААР НУРААЖ БОЛДГИЙГ ХАРУУЛЛАА
Банкуудын холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар:
Бүх төрлийн үнэ тариф нэмэхийг зогсоож байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн. Үүн дээр эрчим хүчний үнэ тарифын асуудал ч яригдана. МАН мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ярьсан бол маш хурдтайгаар, бүх үнэ тарифын нэмэгдлийг зогсооно гэж байгаа нь олон жил төлөвлөсөн ажлаа хэдхэн хоногийн дотор, өөрчилж болдог, салбарын урт хугацааны бодлогууд алдагдаж байгаа юм. Төлөвлөгөөтэй баймаар байна. Анх Засгийн газар, намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж ирчхээд, хэрэгжүүлнэ гэсэн бодлоготой уялдаж явахгүй бол нэг асуудал гарахаар бүгд ханарч унаад байдаг байж болохгүй ээ. Бодлогын огцом шийдвэр гаргаснаа, дэлгэрэнгүй тайлбар өгдөггүй. Мөрийн хөтөлбөр нь маш том, олон цогц тайлбартай байдаг. Гэтэл гэнэтийн шийдвэрүүд нь хэдхэн цагийн хэвлэлийн хурлаар шийдвэрүүдээ танилцуулаад л өнгөрч байна. Тэгэхээр эдийн засагчид Засгийн газар яг ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм, бидний ирээдүйн эдийн засгийн төлөвийг хэлэхэд маш хүндрэлтэй боллоо. Бизнес эрхлэгчид ч гэсэн шийдвэр гаргахад хүнд болж байгаа юм.