
Энэ сарын 11-нд түргэн тусламжийн машин том оврын автобустай мөргөлдөж зургаан хүн амь эрсдэж хоёр хүүхэд гэмтээд буй.
Тэгвэл уг ослын талаар Зам тээврийн яамнаас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн. Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, тээврийн хэрэгслийн жолооч нас барж, хоёр хүүхэд гэмтсэн. Ослын газарт “АТҮТ” ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллав. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэлээ.
Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан хэмээн урьдчилсан байдлаар мэдээлэл өглөө.