Их сургуулийн гуравдугаар дамжаан ба түүнээс дээш ангийн оюутнуудад УИХ-д цалинтай дадлагажих боломжийг нээж өгч буй. Бүртгүүлсэн оюутнуудаас 100 оюутныг сонгон Н.Учрал, О.Батнайрамдал, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн тэргүүтэй 20 гишүүн тэрхүү оюутнуудад менторлох юм байна. Оюутнууд нэгдүгээр сарын 16-аас хоёрдугаар сарын 25-ныг дуустал УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинжих нь ээ.
Одоогоор хэчнээн оюутан сонирхон бүртгүүлээд байгаа, тэдгээрээс яаж сонгон шалгаруулж авах, цалин нь хэд байхыг холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Ингэхэд, “Яагаад энэ хөтөлбөрт хамрагдмаар байгаагаа, улс орны ирээдүйн талаар юу хиймээр байгаагаа товчхон тусгасан нь сонгогдох магадлалтай. Одоогоор 500 оюутан бүртгүүлээд буй. Нэг өдрийн цалин нь 36,000 төгрөг байна” гэдгийг албаныхан онцлон хэлж байлаа.
Тэгэхээр нэг оюутан нийт 1,044,000 төгрөгийн цалинтай ажиллах юм байна. 100 оюутныг 104,400,000 /зуун дөрвөн сая, 400 мянга/ төгрөгөөр цалинжуулах нь ээ.
Оюутныг УИХ-д цалинтай дадлагажуулж буй нь зөвхөн нэг удаагийнх биш, цаашид ч оюутнуудыг цалинтай дадлагажуулна гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байлаа. Тодруулан хэлбэл, УИХ-ын Тамгын газрын бүтэц, нэгжид орж дадлагажих нь ээ.
Хэрэв та ахлах дамжааны оюутан бол энд дарж УИХ-д дадлагажих хөтөлбөрт бүртгүүлээрэй.