
Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо 2026 оны долдугаар сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д дэлхийн 80 гаруй орны 300 гаруй сурагч мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.
Монгол Улсаас дөрвөн сурагч оролцсоноос хүрэл болон мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө.

Олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн С.Сансармаа, Т.Буян-Амгалан нартай олимпиадын үеэрх дурсамж, гэр бүлийн дэмжлэг, цаашдын зорилгын талаар Өрөг.мн сайт ярилцлаа.
-Юуны өмнө өөрсдийгөө танилцуулъя. Хэн гэдэг вэ, ямар амжилт гаргаж байсан, өмнө нь ямар тэмцээн, олимпиадад оролцож байв?
С.Сансармаа: Сайн байна уу. Би энэ жилийн Олон улсын биологийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн олон улсын олимпиадад тусгай байр эзэлж байсан. Биологийн шинжлэх ухааныг долдугаар ангиасаа сонирхож эхэлсэн. Түүнээс өмнө математик, хими, физикийн олон олимпиадад оролцдог байлаа. Гэхдээ биологи надад илүү сонирхолтой санагддаг. Судлах зүйл ихтэй, улам гүнзгий танин мэдэх боломжтой учраас энэ чиглэлдээ тууштай явсан.


Т.Буян-Амгалан: Намайг бага байхад аав маань хүүхдэд зориулсан шинжлэх ухааны номууд авч өгдөг байсан. Тэдгээрийг уншиж, аавтайгаа ярилцах дуртай байсан нь их нөлөөлсөн болов уу. Сансармаа бид хоёр бага ангид нэг ангид сурдаг байсан. Тэр үеэсээ математик, физик, химийн олимпиадад хамт оролцож эхэлсэн. Биологийн суурийг маань нэг багш маш сайн тавьж өгсөн. Суурь сайтай байсан нь өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн гэж боддог.
-Олимпиадад оролцоход хамгийн хэцүү зүйл нь юу байв? Бэлтгэлийн үеэр материалын хувьд хүндрэлтэй байсан уу?
Т.Буян-Амгалан: Материалын хувьд тийм ч хүн хийж чадахааргүй хэцүү зүйл байгаагүй. Харин нэг цаг 30 минутын дотор бүх даалгавраа амжуулж хийх нь хамгийн хэцүү байсан.
С.Сансармаа: Материал тийм ч хэцүү байгаагүй. Харин сэтгэл зүйн хувьд надад итгэж, найдсан ээж, аав, багш нарынхаа итгэлийг алдах вий гэсэн айдас хамгийн хэцүү байсан. Тийм үедээ өөртөө “Сансармаа, чи чадна” гэж хэлдэг байсан. Эцэст нь чадчихсан байна. /инээв/
-Олон улсын гэх тодотголтой олимпиадад орно гэдэг амаргүй байх, та хоёрын хувьд яагаад орох болсон энэ хүртэл юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?
С.Сансармаа: Бид сайн сургуульд, сайн багш нарын удирдлага дор суралцсан нь хамгийн том боломж байсан. Үүний цаана бидний эцэг эхийн боловсролд хийсэн хөрөнгө оруулалт бий. Тэд өөрсдийнхөө хэрэгцээнээс илүү бидний ирээдүйг бодож, сайн боловсрол эзэмшүүлэхийг зорьсон. Тиймээс бид үнэхээр азтай хүүхдүүд гэж боддог. Олон хүний дэмжлэг, буянаар өнөөдрийн энэ амжилтад хүрсэн.
-Медаль хүртсэн мөчид хамгийн түрүүнд юу бодогдов?
Т.Буян-Амгалан: Миний хувьд медаль хамгийн чухал зүйл байгаагүй. Харин тэр медалийн төлөө хэдэн цаг хичээл хийсэн, юу сурсан, ямар зам туулсан нь илүү үнэ цэнтэй байсан. Мэдээж медаль авсандаа баяртай байгаа. Гэхдээ би өөртөө хүрлээс дээш медаль авна гэсэн зорилго тавьсан байсан, учир нь манай сургуулийг төгссөн нэг эгч хүрэл медаль авч байсан болохоор түүний амжилтыг ахиулахыг хүссэн. Нэлээд ойртсон ч эцэст нь хүрэл медаль хүртсэн. Гонсгор байгаа юм биш, гэхдээ бүрэн сэтгэл ханасан ч бас биш.
-Олон улсын найзуудтай болсон уу?
Т.Буян-Амгалан: Өдөрт хоёр, гурван хүүхэдтэй танилцана гэхээр 10 хоногт их олон найзтай болсон. Монгол хүүхдүүдийн онцлог нь өөрсдөө эхэлж очоод яриа өдөх нь цөөн байдаг. Харин бусад улсын хүүхдүүд маш нээлттэй, өөрсдөө хүрээд ирж танилцдаг. Одоо ч бид холбоотой байгаа.


С.Сансармаа: Маш олон найзтай болсон. Зөвхөн тухайн үедээ биш, цаашдаа ч холбоотой байя гэж боддог болохоор бүгдтэй нь сайхан харилцаатай байдаг. Сонирхуулахад, олимпиадад оролцсон хүүхэд бүр өөрийн нэрийн мандаттай байдаг. Харин бид танилцсан хүүхэд бүрээс тухайн улсыг нь илэрхийлсэн пин авдаг, өөрсдөө ч Монголын пин бэлэглэдэг. Энэ нь хүнд үлдэх хамгийн сайхан дурсамж гэж боддог.


-Гэр бүлийнхэн тань медаль авсныг хэрхэн хүлээж авсан бэ?
С.Сансармаа: Манай гэрийнхэн медаль авна гэж итгэж байсан. Гэхдээ “Авахгүй байсан ч зүгээр шүү” гэсэн утгатай зурвас өмнө нь бичсэн байсан. Тэгэхээр нь би гэрийнхэн маань үр дүнгээс илүү намайг бодож байгаа юм байна гэж ойлгосон. Тэд шагнал гардуулах ёслолыг шууд үзсэн юм билээ. Шагналаа аваад утсаа шалгасан чинь хэн ч баяр хүргээгүй байсан. Гайхаад байж байсан чинь ээж “Баярлаад чамд баяр хүргэхээ мартчихаж” гэж хэлсэн. /инээв/
Т.Буян-Амгалан: Манай гэр бүл байнга холбоо бариад байдаггүй. Гэхдээ бүгд шууд дамжуулалт үзсэн байсан. Харин багш нар маань зурагтаар химийн олимпиадын дүн, компьютероор биологийн олимпиадын дүн, утсаараа үздэг киногоо зэрэг үзээд сууж байсан гэсэн. Сонсоход их хөөрхөн санагдсан.
-Шагналаа аваад эх орондоо ирэх мэдрэмж ямар байсан бэ?
С.Сансармаа: Бид тодорхой хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаад ирж байгаа гэсэн мэдрэмж төрсөн. Гэр бүлийнхэн маань яаж угтах бол, эх орон маань хэрхэн хүлээж авах бол гэж бодож байсан. Онгоцноос буугаад ачаагаа нэлээд удаан хүлээсэн. Гараад ирээд гэрийнхнээ хайтал олдоогүй, тэгсэн чинь бага дүү маань “Аниа” гээд гүйгээд ирсэн. Дүү нар маань цэцэг бариад тосож авсан нь хамгийн хөөрхөн мөчүүдийн нэг байсан.
Т.Буян-Амгалан: Бид нийтдээ бараг 40 цаг ниссэн. Очих замдаа тэмцээнээ бодоод сандарсан байсан. Харин буцах замдаа бүх айдсаа ардаа орхичихсон, сэтгэл маш амар байсан.


-Бэлтгэсэн багш нартаа хандаж юу хэлэх вэ?
Т.Буян-Амгалан: Биднийг зааж, чиглүүлсэн маш олон багш бий. Багш наргүйгээр бид ийм амжилтад хүрэхгүй байсан. Суурийг минь сайн тавьж өгсөн болон одоо хүртэл зааж, зөвлөж байгаа бүх багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
С.Сансармаа: Бид хоёрын биологийн суурийг нэг багш тавьсан гэж өмнө хэлсэн. Суурь сайн байсан учраас өнөөдрийн түвшинд хүрсэн. Мөн Ц.Мөнхзул багшдаа онцгойлон баярлалаа гэж хэлмээр байна. Багш маань миний төлөө хүртэл залбирч суудаг хүн.
Олон улсын олимпиадын медаль бүрийн ард олон жилийн хөдөлмөр, багш нарын хичээл зүтгэл, гэр бүлийн дэмжлэг, өөртөө тавьсан өндөр шаардлага байдаг. С.Сансармаа, Т.Буян-Амгалан нарын ярианаас амжилт гэдэг медаль биш, харин түүнд хүрэхийн төлөө гаргасан тууштай хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээрийн үр дүн болохыг уншигч та ч мэдэрсэн биз ээ.







