Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд боллоо. Өнөөдрийн хуралдаан дээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан, “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.